Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 1.4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ

“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” Төрийн ордонд эхэллээ. Уг зөвлөгөөнд барилгын салбарын 600 гаруй төлөөлөл оролцож байна.

Энэ жилийн “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019” үйл ажиллагааг Төр болон хувийн хэвшил, аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөллийг оролцуулан “Барилга, байгууламжийн норм, нормативын хэрэгжилтийг шинэ шатанд гаргая” уриан дор зохион байгуулж байна. Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд 1.4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хэрэгжинэ. 

БХБ-ын сайд Х.Баделхан зөвлөгөөнд оролцогчдод дараах мэдээллийг өгөв:

БХБЯ салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр

  • Хот байгуулалтын тухай,
  • Газрын тухай,
  • Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай,
  • Газрын төлбөрийн тухай,
  • Геодези, зурагзүйн тухай хуулиудыг шинэчлэн боловсруулж байна.

Мөн Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгасан.

Барилгын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гаргах дүрэм, журам, бодлогын баримт бичгүүдийг баталж дуусгаса байна. Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг батлуулснаар төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулах, салбарын хөгжлийг судалгаанд суурилсан техникийн нэгдсэн бодлогоор хангах, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой ахиц гаргах нөхцөл бүрджээ. Энэ хүрээнд салбарын амин сүнс болсон норм, нормативыг шинэчилж байна.

Өнгөрсөн онд “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулсан. Мөн тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, барилгын салбарт 2021 он хүртэл хийгдэх бодлогын баримт бичгийг гаргажээ.

Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур баримт бичиг болох “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог байгуулжээ. Мэргэжлийн судлаач, шинжээчдийн баг энэ төслийг боловсруулаж байна.

“Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлуулан, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2 дахин нэмэгдүүлж, 500 тэрбум төгрөгт хүргэх эрхзүйн нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн “Монголын ипотекийн корпораци” ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэхээр 300 сая ам.долларын бондыг гадаад зах зээлээс амжилттай босгожээ.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор энэ онд Хөгжлийн банкны санхүүжилтээр

  • Говь-Алтай аймагт 120,
  • Хөвсгөл аймагт 135,
  • Орхон аймагт 315,
  • Улаанбаатар хотод 972 айлын нийт 1542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэн, тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

ЭНЭ ОНД ЛАГИЙГ ҮНЭРГҮЙЖҮҮЛЖ ДУУСНА

Нийтийн аж ахуйн, инженерийн дэд бүтцийн ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүлж, хуримтлагдсан лагийг бүрэн боловсруулах, үнэргүйжүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж байна. Энэ онд лагийг үнэргүйжүүлж дуусна.

Томоохон хот, суурингийн цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр

  • Өвөрхангай,
  • Өмнөговь,
  • Дорноговь,
  • Архангай аймагт хоногт 3000 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр  
  • Баян-Өлгий,
  • Завхан,
  • Увс,
  • Дорнод,
  • Говьсүмбэр аймгуудад цэвэрлэх байгууламж барих бөгөөд нийт 21 аймгийн цэвэрлэх байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Мөн иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг дараалал багатай, шуурхай хүргэх, төрийн байгууллагын ажлын ачааллыг багасгах, үйл ажиллагааны давхардлыг цэгцлэх ажлын хүрээнд барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийг олгох, мэргэжлийн инженерүүдийг давтан сургах, мэргэшлийн зэрэг дэв олгох сургалтын эрх зэргийг анх удаа мэргэжлийн төрийн бус байгууллагуудын холбоодод, түншлэлээр амжилттай гүйцэтгүүлж, гэрээг сунган ажиллаж байна.

“НОГООН НУУР” ОРЧМЫН 1008 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ  УГСРАЛТ
ТАВДУГААР САРД ЭХЭЛНЭ

Барилга, хот байгуулалтын яам иргэдийг орон сууцжуулахад онцгой анхаарч, хэд хэдэн бодлогын арга хэмжээ авч байгаагийн нэг нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны төсөл юм. БНХАУ-аас Монгол улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах дээрх орон сууцны барилга, угсралтын ажлыг ирэх тавдугаар сард эхлүүлнэ.

Мөн БНСУ-ын Засгийн газраас Монгол улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр

  • “Буянт-Ухаа” 2,
  • “Буянт-Ухаа” 3,
  • Баянголын аманд нийт 8000 орчим айлын орон сууц барихаар төлөвлөж, Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах компани шалгараад байна.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 179 дүгээр тогтоолын дагуу БНХАУ-аас олгох хоёр тэрбум юаны буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг шинэчилж, өргөтгөхөөр төлөвлөн, гэрээ хэлэлцээг дуусгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын 10 байршилд “Сервис центр” байгуулна.