Монгол Улсын эдийн засаг 2019 онд зургаан хувиар өснө гэж “Fitch Solutions” таамаглажээ

Монгол Улсын эдийн засаг 2019 онд зургаан хувиар өснө гэж “Fitch Solutions” агентлаг шинээр гаргасан тайландаа таамагласан байна. Өмнө нь 6.3 хувиар өснө гэж таамаглалаа ийнхүү буурууллаа.

Сөрөг таамаглалаар авч үзвэл БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, түүхий эдийн эрэлт буурвал Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төлөвт сөргөөр нөлөөлөх асуудлыг нэрлэсэн байна. Мөн бизнесийн салбарт уул уурхайн төслүүд хойшлох, төсвийн зарцуулалт өсөж, хөрөнгө оруулагчдын итгэл сулрах, үүнээс үүдэж Төв банк бодлогын хүүгээ гэнэт өсгөх нь эрсдэл гэж үзжээ. Эсвэл дотоодын валютынхаа ханшийг хамгаалах үүднээс ийм шийдвэр гаргаж магадгүй гэж таамагласан байна.

Богино хугацааны улс төрийн эрсдэлийн оноо нь 100-аас 63.8 байгаа бол урт хугацааны үзүүлэлт 69.9 байна. Өөрөөр хэлбэл ирэх саруудад улс төрийн бодлогын орчныг илүү ээдрээтэй, төвөгтэй болно гэж “Fitch Solutions” таамаглаж байна. 2016 оны сонгуулийн дараа хойш харьцангуй тогтвортой байдал бий болоод байсан ч эрх баригч намын дотор хагарал үүсэж, 2018 оны сүүлээс авлигын дуулиант хэргүүд гарч эхэлснийг тайландаа дурджээ.

Үүнээс гадна эдийн засагт “swot” анализ хийсэн байна. “Threat” буюу эдийн засагт тулгарах гол аюул нь түүхий эдээс хараат байдал гэж дүгнэж байгаа аж. Экспортын гол түнш болох БНХАУ зэрэг улсын эдийн засгийн нөлөөлөл Монгол Улсын эдийн засагт огцом хэлбэлзэл үүсгэх асуудлыг нэрлэсэн байна. Санхүүгийн тогтвортой байдал болон Төв банкны шинжээчид мөн адил гадаад тодорхой бус байдал энэ оны гол эрсдэл гэж таамаглаж байлаа.

Шинэ мэдээ