Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 640,000 төгрөг болсон

Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвшлийн 2019-2020 оны хамтын хэлэлцээрийн тарифын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвшлийн 2019-2020 оны хамтын хэлэлцээр энэ сарын 15-ны өдөр батлагдсан. Уг хэлэлцээрт 8 бүлэг, 70 заалт тусгагдсан байна. 

Хэлэлцээрт орсон шинэ заалт, үнэ тарифын тухай Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал “Уул уурхайн салбарын тарифын хэлэлцээрийн гол зорилго нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэх, Үйлдвэрлэлийн үр ашиг, салбарын тогтвортой байдлыг хангах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тотоох байсан юм. 

Хэлэлцээрт, салбарын 47,000 ажилчдыг төлөөлж Монголын эрчим хүч,  Геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, салбарын 300 гаруй ажил олгогчийг төлөөлж Уул уурхайн үндэсний ассоциаци үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монгол нүүрс ассоциацийн төлөөлөл оролцож гарын үсэг зурсан байгаа. 

Ерөнхийдөө хамтын хэлэлцээр хийхэд хүрсэн түвшнээс бууруулахгүй байх зарчим баримталж, хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос гаргасан хэлэлцээрийн дагуу улсын цалингийн доод хэмжээгээр баримтлан салбарын хэмжээнд 2 дахин нэмэгдүүлэн баталсан юм.  

Тухайлбал, Уул  уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 1 сард 640,000 төгрөг болсон. Өнөөдөр энэ салбарт ажилагсад хүнд хортой нөхцөлд ажиллаж байхад цалин нь хангалттай биш байна. 

Түүнчлэн салбарт ажиллаж буй ажилтнуудад нэмэлт амралт олгох асуудлыг хэлэлцээрт тусгасан. Бас сул зогсолтын олговрыг 60 хувиас доошгүйгээр олгоно. 

Мөн тус хэлэлцээрийн бас нэг онцлох заалт бол  анх удаагаа хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэнийг уул уурхайн компанид ажиллуулахыг зүйлчилж өгсөн бас нэгэн давуу тал байсан юм. Харин насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг холбогдох хуулиудыг үндэслэн  мөрдөн ажиллахаар болсон. Мөн байгууллагын жилийн үр дүнг харгалзан жилд 1 удаа үнсэн цалингаар тооцож 6 сар хүртэл сарын цалинтай тэнцэх жилийн дүнгийн үр дүнгийн урамшуулал олгох асуудлыг хамтын гэрээгээр шийдвэрлэх тухай заалт оруулсан байгаа юм. 

Харин салбарт орон тоог цомхотгох, ажлын байрыг цөөрүүлэх, хувьчлагдах тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэр үл харгалзан уг ажилтанд:

  • 1-4 жил ажилласан бол 1-4 хүртэлх сар
  • 5-10 жил ажилласан бол 6 сар хүртэл
  • 11-15 жил ажилласан бол 12 хүртэл сар 
  • 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 хүртэл сарын албан тушаалын болон үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгохыг хэлэлцээрт оруулсан байгаа.

Энэ  салбарын ажлын онцлог бол маш хүнд. Бид аль болох гарах эрсдэлүүдээс ажилчдаа хамгаалахыг л зорьж байна. 

Үүгээр зогсохгүй тус салбарт ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгож буй ажилтны ажилласан жил тутамд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 2 дахин нэмэгдүүлж, ажилласан жилээр үржүүлж 1 удаагийн тэтгэмж олгохоор болсон. Бас үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчлөл өртсөн ажилтанд хөдөлмөрийн хуулийн 97-д заасан нөхөн төлбөрийг аж ахуйн нэгж бүр хариуцах гэх мэт заалтуудыг тусгасан юм. Нэмж хэлэхэд Эрдэнэставантолгой, Таван толгойн тээвэрлэгчдийг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулахаар  ажиллаж байна.” гэв. 

 Уул уурхайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулахаар болсон талаар Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Б.Амарсайхан “Манай салбарт 2018 оны яамнаас хийсэн судалгаагаар нийт 298 хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж байгаа. Эдгээрийн ажиллаж байгаа ажлын байр нь захиргааны ажилд ихэвчлэн ажилладаг. Энэ тоогоо тухайн компанийн нөөц бололцоогоо харж байгаад нэмэгдүүлнэ.” гэлээ. 

Шинэ мэдээ