Энержи Ресурсын борлуулалтын орлого 591 сая ам.долларт хүрчээ

Mongolian Mining Corporation буюу Энержи Ресурс компани 2018 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаа өчигдөр Хонконгийн хөрөнгийн биржийн веб хуудсаар олон нийтэд нээлттэй болгож, албан ёсоор танилцуулжээ. Өнгөрсөн онд тус компани нийт 4.7 сая тонн нүүрсэн бүтээгдэхүүн борлуулсан байна.

Тайлант хугацаанд БНХАУ дахь эцсийн хэрэглэгчдэд шууд хүргэн нийлүүлсэн 1 тонн баяжуулсан коксжих нүүрсний үнийг дунджаар 170.1 ам.долларт хүргэж, өнгөрсөн оны түвшнээс 10 орчим хувиар өсгөжээ. Мөн хугацаанд тус компаниас БНХАУ-ын Ганцмод боомтын нөхцлөөр борлуулсан баяжуулсан коксжих нүүрсний дундаж үнэ 135.6 ам.доллар байжээ.

Ингэснээр Энержи Ресурсын борлуулалтын орлого 591 сая ам.долларт хүрч, 2017 оны санхүүгийн тайлантай харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт харагдаж байна. Тус компанийн нийт ашиг 230 сая ам.доллар буюу одоогийн ханшаар тооцоход 605 гаруй тэрбум төгрөг бүртгэгджээ. Цэвэр ашгийн хэмжээ 83 сая ам.доллар байгаа нь 2017 онд зээлийн бүтцийн шинэчлэлээс олсон санхүүгийн олзыг оролцуулалгүй тооцвол өмнөх оныхоос 72.5 хувиар өссөн байна.

Шинэ мэдээ