Уул уурхайн салбарынхан хамгийн өндөр цалинтай

Монголчуудын дундаж цалин 1.1 сая төгрөгт хүрсэн тухай өчигдөр Үндэсний Статистикийн хороо танилцуулсан.

Энэхүү тооцоог 2018 оны IV улирлын байдлаарх нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаа 40.5 мянган аж ахуйн нэгжийн 652.2 мянган хөдөлмөр эрхлэгчдийн цалингаас тооцон гаргажээ.

ҮСХ-ны мэдээлж буйгаар 2018 оны IV улирлын байдлаар Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй 1,256,356 иргэн байгаа ч нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг нь ердөө 652 мянга буюу 50 орчим хувь нь ажээ.

Хэдийгээр Монголчуудын дундаж цалин 1.1 сая төгрөгт хүрсэн гэж байгаа ч медиан буюу ажиллагчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин 806 мянган төгрөг байгаа юм.

Мөн дийлэнх ажиллагчдын нь буюу 60 орчим хувь нь 900 мянга ХҮРТЭЛХ цалинтайгаар ажиллаж байна.

График 1,  Ажиллагчид, цалин хөлсний бүлгээр, дүнд эзлэх хувиар,

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдын хамгийн их буюу 15 хувь боловсролын салбарт ажиллаж байна.

100 мянга орчим хүн ажилладаг тус салбарын дундаж цалин 880 мянган төгрөг буюу  салбараар нь 21 хуваасан ангиллын 16-д жагсжээ.

Харин ажиллах хүчний ердөө зургаа орчим хувь нь ажилладаг уул уурхай, олборлолтын салбарынхан хамгийн өндөр буюу дунджаар 2.5 сая төгрөгийн цалинтай.

График 2, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн ажиллаж буй салбарт эзлэх хувь,

 

График 3, Улсын дундаж цалин салбараар,

 

Тэгвэл аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалинг байгууллагын хариуцлагын хэлбэрээр харвал хамгийн өндөр нь төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын дундаж цалин 1.33 сая төгрөг байгаа бол үүний дараа хувьцаат компани буюу ХК-иудын дундаж цалин 1.31 сая төгрөг байна. Гэхдээ төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж буй ажиллах хүчин нийт ажиллагчдын ердөө 3.4 хувийг бүрдүүлж байгаа бол хувьцаат компанид ажиллаж буй хүмүүсийн тоо 11 орчим хувийг эзэлж байна.

График 4, Байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалинг байгууллагын хариуцлагын хэлбэрээр,

 

Статистик эх сурвалж: ҮСХ

Шинэ мэдээ