Эм, тариа эмнэлгийн бүтээгдэхүүний үнэ 10.8 хувиар өссөн байна

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний хоёр сарын нөхцөл байдлыг танилцууллаа. Үүнээс эдийн засгийн зарим үзүүлэлтийг тоймлон хүргэе.

Экспортын орлого 1.1 тэрбум ам.доллар болжээ

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ он гарснаар 1.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх зээлийн нийт хэмжээ 1.2 их наяд төгрөг болжээ. Ингэснээр тэнцэл 302.1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.3 хувийг татварын орлого, 7.5 хувийг татварын бус орлого, 10.7 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.5 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.  Гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.9 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 1.1 тэрбум ам.доллар, импорт 837.5 сая ам.долларт хүрсэн байна.  

Нүүрсний олборлолт өсөв

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ хугацаанд 2.5 их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 400.3 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Үүнд манай улсын төсвийг бүрдүүлдэг гол нэрийн бүтээгдэхүүн болох уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл ихээхэн нөлөөлсөн юм. Тухайлбал, нүүрс олборлолт 338.5 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 12.8 тэрбум төгрөгөөр өссөн юм.

Эм, тариа эмнэлгийн бүтээгдэхүүний үнэ 10.8 хувиар өссөн байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оноос 6.9 хувиар өссөн аж. Ингэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.8 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 10.9 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 10.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Рублийн ханш сулрав

Өнгөрсөн жилээс эхлэн өсөөд байсан ам.долларын ханш тэгвэл өнгөрсөн сард буурсан хэмээн Төв банкнаас өгсөн байна. Тодруулбал, өнгөрсөн сард ам.долларын ханш 2633.37 төгрөг болж, өмнөх оны мөн үеэр 9.6 хувиар буурсан аж. Харин 390.81 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс бас л 2.8 хувиар суларсан гэнэ. Төгрөгийн рубльтэй харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн сард  40.01 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар чангарч, өмнөх сараас нэг хувиар суларсан байна.

Чанаргүй зээл 56.4 тэрбумаар нэмэгдсэн байна

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өмнөх сарын байдлаар 1.8 их наяд төгрөг болжээ. Ингэснээр чанаргүй зээлийн хэмжээ оны эхнээс 56.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнийг Сар шинийн баяртай холбон тайлбарлаж буй.