Герман улс Хятадын Хуавэй компанийн 5G технологийг нэвтрүүлбэл АНУ-ын зүгээс тус улстай тагнуулын мэдээлэл хуваалцахаа зогсооно гэж анхаарууллаа

Хэрвээ Герман улс Хятадын Хуавэй компанийн 5G технологийг нэвтрүүлбэл АНУ-ын зүгээс тус улстай тагнуулын мэдээлэл хуваалцахаа зогсооно гэж анхааруулсан байна.

Берлинд суугаа АНУ-ын элчин сайд Ричард Гренэл Германы эрх баригчдад ийм агуулгатай захидал илгээснийг Wall Street Journal өчигдөр олж мэдээлжээ.

Герман улсын терроризмтай тэмцэх үйлсэд АНУ-ын тагнуулын мэдээлэл чухал ач холбогдолтой байдаг. Гэвч германчууд энэ удаа Хуавэйн 5G технологиос татгалзахгүй бололтой.

Ирэх долоо хоногт тус улсын засгийн газар 5G сүлжээний дэд бүтцийг нийлүүлж, нэвтрүүлэх компанийг сонгон шалгаруулах гэж байгаа. Энэ төсөлд Хятадын Хуавэй компани шалгарах өндөр магадлалтай байна.

Хуавэй компанийг Хятадын засгийн газарт зориулж тоног төхөөрөмжиндөө тагнуулын “нууц хаалга” гаргаж өгдөг хэмээн Вашингтоны эрх баригчид буруутгадаг.

Харин Хуавэй компанийн удирдлага энэхүү сэжгийг эрс няцаадаг юм. АНУ-ын засаг захиргаа тус компанийн бүтээгдэхүүнийг төрийн ажил үйлчилгээ, дэд бүтцэд ашиглахыг хориглоод байгаа.

Одоогоор Австрали, Шинэ Зеланд улсууд АНУ-ын уриалгыг хүлээн авч, 5G сүлжээний дэд бүтэцдээ Хуавэй компанийн тоног төхөөрөмжийг ашиглахгүй байхаар шийдсэн байна. Британичууд Хятадын компани мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл үүсгэж байгаа гэх нотолгоо олоогүйгээ саяхан мэдэгдсэн. Харин Германы засгийн газар АНУ-ын анхааруулгыг үл хайхран шударга өрсөлдөөнийг дэмжих зорилгоор Хуавэй компанийг 5G дэд бүтцийн нийлүүлэгчийн шалгаруулалтдаа оролцуулахаар болсныг өчигдөр мэдэгджээ.

Шинэ мэдээ