“Boeing”-ийн хувьцааны ханш арилжааны эхэнд 2001 оноос хойш өмнө байгаагүйгээр огцом уналаа

 

“Boeing”-ийн “737 Max” загварын нисэх онгоц сүүлийн таван сард хоёр дахь удаагаа осолдож, энэ загварын хөлгөөр нислэг үйлдэхгүй гэж агаарын тээврийн зарим компаниуд мэдэгдсэний дараа “Boeing”-ийн хувьцааны ханш арилжааны эхэнд 2001 оноос хойш байгаагүйгээр огцом уналаа.

Ням гарагт болсон ослын дараа “Boeing”-ийн хувьцааны ханш 13 хувиар буюу 2001 оны есдүгээр сараас хойш байгаагүйгээр огцом унасан байна. Өмнө нь есдүгээр сарын 11-ний халдлагын дараа ингэж огцом унаж байжээ. Арилжааны төгсгөлд хувьцаа нь 5.3 хувиар унаж хаагдсан байна.

БНХАУ агаарын тээврийн компаниуддаа “Boeing”-ийн “737 Max 8” загварын 90 гаруй нисэх онгоцоор нислэг үйлдэхгүй байх чиглэл өгсөн байна. Түүнчлэн Индонез улс мөн энэ загварын нисэх онгоцны нислэгүүдийг цуцална гэж мэдэгдээд байгаа юм. Харин АНУ-ын агаарын тээврийн удирдах газар “Boeing”-ийн “737” загварын онгоцнуудаар нислэг үйлдэхэд аюулгүй гэж мэдэгджээ.

Тус байгууллагын албан мэдэгдлийг харвал “Ethiopian Airlines” болон таван сарын өмнө осолдсон “Lion Air”-ийн онгоцны осол хоорондоо холбоотойг батлах баримт байхгүйг онцолсон байна. “Boeing” компанийн энэ загварын онгоцны нислэгийн хяналтын системийг сайжруулахаар ажиллаж байгаа аж. Мөн АНУ-ын Иргэний нисэхийн удирдах байгууллага дөрөвдүгээр сард багтаан холбогдох удирдамжийг гаргахаар төлөвлөжээ. 

Өнгөрсөн ням гарагт “Ethiopian Airlines”-ийн Аддис Абаба-Найроби чиглэлд хөдөлсөн “Boeing”-ийн онгоц хөөрөөд удалгүй осолдож, онгоцонд байсан 157 хүн бүгд амиа алдсан юм. Одоогоор нисэх онгоцны хар хайрцгийг олж, шинжилгээнд оруулаад байна. Энэхүү ослыг өнгөрсөн оны аравдугаар сард Индонезид осолдсон “Lion Air”-ийн “737 Max”-ийн осолтой төстэй гэж ажиглагчид онцолж байна. Энэ загварын онгоц нь “Boeing”-ийн хамгийн эрэлттэй нисэх онгоцны шинэ загвар бөгөөд тус компанийн үйл ажиллагааны ашгийн 30 хувийг бүрдүүлдэг ажээ.

Шинэ мэдээ