Хятадууд онлайн платформоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь ихэсчээ

Бээжинд ажилтай банкны менежер, 36 настай Айс Чэн сүүлийн үед Бангкокт очоогүй ч Тайландын нийслэлээс хоёр ч байр худалдаад авчихлаа. Хятадын мянганыхан буюу шинэ зууны эхээр насанд хүрэгчид бол онлайн платформ ашиглан олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд наймаа хийхдээ гаршсан хүмүүс.

Үл хөдлөх хөрөнгийн худалдааны хамгийн том онлайн сайт Uoolu.com-ын арилжаа 2018 онд 60 хувь өсөж таван тэрбум юаньд (740 сая ам.доллар) хүрсэн төдийгүй энэ жил ч өсөх төлөвтэй. Наймааны ихэнх нь Бээжин, Шанхайтай харьцуулахад хөрөнгийн үнэ хямд Зүүн Өмнөд Азийн зах зээлийн зүг чиглэж байна.

“Дунд ангийнхан чинээлэгжсэний ачаар эрэлт асар их ихэссэн”-ийг Шанхайд төвтэй үл хөдлөх хөрөнгийн брокерын Centaline group-ын судалгаа эрхэлсэн захирал Лю Юань тайлбарлав. Онлайн платформоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах ажиллагаа энгийн болсон нь наймаа цэцэглэхэд нөлөөлснийг захирал нэмж дурдсан юм.

Технологижсон залуу үеийнхэн үл хөдлөх хөрөнгийн наймаанд голлож байгаа нь 2015 онд сууриа тавьсан Uoolu сайтын статистикаас тод харагддаг. Тус сайтад өрсөлдөгч олон.

Shenzhen World Union Properties Consultancy-гийн гадаад үл хөдлөх хөрөнгийн салбар Shiju, АНУ-ын Сиэттлд төвтэй Beimeigoufang.com зэрэг онлайн худалдааны бусад том платформ хятадад зэрэгцэн ажиллаж байна. Beimeigoufang.com­ын нэр нь “Умард Америкаас хөрөнгө худалдаж авах нь” гэсэн утгатай Хятад үг юм.

Тус сайтаар үйлчлүүлэгчдийн тал нь үл хөдлөх хөрөнгөө газар дээр нь очиж үзэлгүйгээр худалдан авсан хүмүүс.

Наймааны хялбар дөхөм байдал хэрэглэгчдийг татах нэг арга. Худалдан авагч 1,500 ам.доллараас доош урьдчилгаа төлөөд хэдхэн цагийн дотор үл хөдлөх хөрөнгө сонгох боломж бүрдэнэ. Uoolu сайт цогц үйлчилгээтэй тул худалдан авагч гадаадын банкаас моргейжийн зээл авах, худалдаж авсан орон сууцандаа түрээслэгч олуулах, түрээсийн төлбөрөө хураалгах ажлыг ч даалгаж болно.

Тус сайтаар үйлчлүүлэгчдийн тал нь үл хөдлөх хөрөнгөө газар дээр нь очиж үзэлгүйгээр худалдан авсан хүмүүс. Худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн 22 хувь нь агенттай уулзах юм уу ядаж утсаар ч ярилгүйгээр дан онлайн орчинд өрнөсөн наймаа юм.

Зүүн Өмнөд Азийн үл хөдлөх хөрөнгө сонирхол татдаг нэг шалтгаан нь жилдээ 50 мянган долларын квот зэрэг хязгаарлалт бүхий хятадын валютын зохицуулалтын хүрээнд урьдчилгаа төлбөрийг шийдэж болдог явдал. (Гадаад дахь үл хөдлөх хөрөнгөд төлбөр төлөхийг хориглосон албан ёсны хориг байдаг ч аргалж болдог.)

Шинэ Зеланд, Канад, Сингапур, Австрали зэрэг улс гадаадынхан үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад хязгаарлалт тогтоосон бол Тайланд, Индонези, Филиппинд ийм саад тотгор байхгүй.
Олон улсын үл хөдлөх хөрөнгийн Juwai.com сайт ашиглаж 2018 онд наймаа хийсэн хятад худалдан авагчдын хамгийн шохоорхдог газраар Тайланд тодорчээ. Эх газрын Хятад, Хонконгийн худалдан авагчид өнгөрсөн онд Бангкокоос 15 мянган шинэ орон сууц худалдан авсан нь Тайланд дахь гадаадынхны үл хөдлөх хөрөнгийн наймааны тал нь болж байна.

Хятадуудын оффшор хөрөнгө оруулалт ихэссэний учрыг таахад амархан. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сулрах шинж орсон нь үнэн ч удаан үргэлжилсэн бухын зах зээлийн дараа орон сууц үнэтэй хэвээр,дээр нь дотоодын үл хөдлөх хөрөнгийн арилжааг зохицуулдаг зохицуулалт чанга.

Банкны менежер Чэн шиг хүмүүсийн хувьд хулганын товчлуур товшоод үл хөдлөх хөрөнгөтэй болох нь хялбар арга. Тайланд дахь орон сууцнаас орох түрээсийн төлбөрийн зургаан хувийн ашиг нь Бээжинд хэдийн худалдаж орхисон апартментаас ордог байсан орлогоос 60 хувиар их байгаа юм.

Бангкокт “үнэ хамаагүй хямд, цаг агаар нь сайхан, тэтгэвэрт гарсан хойноо амьдрахад нийцтэй, түрээслэхэд ч амар” хэмээн Чэн тайлбарлав. Тэрбээр дараагийн наймаа нь Камбожид байж магадгүй гэж байлаа.

Шинэ мэдээ