Этиопт осолдсон онгоцонд НҮБ-ын 19 ажилтан зорчиж байсан талаар НҮБ-аас мэдээллээ

Этиопт осолдсон онгоцонд НҮБ-ын 19 ажилтан зорчиж байсан талаар НҮБ-аас мэдээллээ. 

Олон хүн амь насаа алдсанд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес гүн эмгэнэж байгаагаа илэрхийлсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес

Онгоц Кенийн нийслэл Найроби чиглэлд нисэх ёстой байсан ба Этиопийн цагаар ням гарагийн өглөө 8:44 цагт хөөрчээ. Гэвч агаарын тээврийн хяналтын албаас холбоо тасарч, зургаан минутын дараа осолдсон байна. Тус онгоц 35 өөр улсын зорчигчдыг тээвэрлэж явжээ. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес  хохирогчдын ар гэрийнхэн, ойр дотнын хүмүүс, Этиопийн ард иргэд болон Засгийн газарт гүн эмгэнэл  илэрхийлсэн байна.
 
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн долоон хүн, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын хоёр хүн, НҮБ-ын Найроби дахь суурин төлөөлөгчийн газрын зургаан ажилтан амиа алджээ. 

Түүнчлэн НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Судан дахь Цагаачлалын олон улсын байгууллага, Сомали дахь Дэлхийн банк болон НҮБ-ын тусламжийн байгууллагын тус бүр нэг ажилтан амиа алдсан байна.

Эдгээр байгууллагуудын төлөөллүүд амиа алдагсдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Шинэ мэдээ