OneCoin нэртэй луйврын сүлжээг үүсгэн байгуулагчийг баривчилжээ

OneCoin нэртэй луйврын пирамид сүлжээг үүсгэн байгуулсан Болгарын иргэн Константин Игнатовыг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хууль, хүчнийхэн Лос Анжелосын нисэх онгоцны буудлаас баривчилжээ.

Гишүүд нь бусдад OneCoin хэмээх хуурамч дижитал валютыг зарсныхаа төлөө хувь шимтгэл хүртдэг энэхүү сүлжээ олон тэрбумаар үнэлэгдэх хэмжээнд хүрээд байсан юм. Өнөөдөр дэлхий даяар OneCoin сүлжээний гишүүдийн тоо гурван саяыг давсан байна.

OneCoin нь үнэндээ крипто валют биш, блокчэйн технологид суурилагдаагүй хуурамч эд байжээ. Үүсгэн байгуулагчид нь OneCoin-ыг өөрийн сервер компьютеруудыг ашиглан олборлодог, үнэ ханш нь зах зээлийн эрэлтээр тогтдог гэж тайлбарласан нь худал болохыг АНУ-ын хууль зүйн яам тогтоожээ.

Пирамид сүлжээг үүсгэн байгуулагчид нь зөвхөн 2014-2016 оны хооронд 2.5 тэрбум доллар олж чадсан байна. Одоогоор Игнатовоос гадна түүний эгч Ружа Игнатовад АНУ-ын хуулийнхан ял төлөвлөсөн бөгөөд эрэн сурвалжилж байгаа аж. Мөн тус сүлжээнээс олсон 400 сая гаруй америк долларыг Кайманы арлууд, Ирландын банканд мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Марк Скотыг өнгөрсөн онд баривчилжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр батлагдвал дээрх гурван этгээд тус бүр 20 хүртэл жилийг торны цаана өнгөрөөх юм.



Шинэ мэдээ