"Түмэн шувуут" ХХК Мал бордож, мах экспортлох төсөлд Исламын бизнесийн холбоотой хамтран ажиллахаар боллоо

“Түмэн шувуут” ХХК 2021-2022 оноос эхлэн мал бордож, мах экспортлох төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү төсөлд хамтран ажиллах саналыг Исламын бизнесийн холбоо тус компанид тавьсан байна. Хоёр тал хамтран ажиллах гэрээг энэ оны тавдугаар сард үзэглэх бөгөөд түүнээс өмнө гэрээний бэлтгэх ажлыг хангах зорилгоор өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. 

“Түмэн шувуут” ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр “Исламын бизнесийн холбоо халал аргаар мах бэлтгэх үйлдвэрийг байгуулах, малыг мал эмнэлэг хорио цээрийн бүсэд бордож, гарал үүслийг тодорхой болгож, мах бэлтгэх чиглэлээр бидэнтэй хамтран ажиллах санал тавьсан. Хамтын ажиллагаа амжилттай болбол 2021-2022 онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн Мал бордож, мах экспортлох төслийн цаг хугацаа наашилж, 2019-2020 оноос хэрэгжиж эхлэх боломжтой болно” гэлээ. 

Дундад Азийн халал аргаар бэлтгэсэн хонины махыг хэрэглэдэг улсуудыг нэгтгэсэн Исламын бизнесийн холбооны төлөөлөгч Худоёров Дониер Тошпулотович “Халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний тал дээр хамтран ажиллах боломжтой компаниудыг нь судлахад хамгийн тохиромжтой нь “Түмэн шувуут” ХХК гэж тодорхойлогдсон. Уг компани нь шувууны, тэжээлийн аж ахуй, газар тариалангийн нөөц боломжтой учраас хамтран ажиллахаар эрмэлзэж байна” хэмээв.  

Санамж бичгийн хүрээнд Монголын тал буюу "Түмэн шувуут" ХХК Мал бордож, мах экспортлох төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг нарийвчлан боловсруулж, танилцуулах үүргийг хүлээж буй бол Исламын бизнесийн холбоо нь хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, Арабын орнуудтай гэрээ хийж, мэдээллээ нэгтгэх, хөрөнгө оруулалтын судалгааны ажлаа хийх юм.

Шинэ мэдээ