Авиа компаниуд Boeing 737 Max 8 загварын онгоцоор нислэг үйлдэхээ хойшлуулаад байна

Этиопын иргэний агаарын тээврийн нисэх онгоц өчигдөр осолдож 157 хүний амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болсон. Тэгвэл энэ нь сүүлийн таван сарын дотор Boeing 737 Max 8 загварын нисэх онгоц хоёр дахь удаагаа осолдсон тохиолдол болж байгаа аж. Тодруулбал, Өнгөрсөн оны аравдугаар сард Lion Air компанийн ийм онгоц Индонезийн нийслэлээс хөөрөөд удалгүй осолдож 189 хүний амь үрэгдсэн юм.

Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Хятадын иргэний агаарын тээврийн зохицуулах газар өнөөдөр өглөө Boeing 737 Max загварын онгоцны нислэгийг оройн 18:00 цагаас өмнө зогсоох даалгавар өгсөн байна. 

Тус байгууллагын мэдэгдэлд нэг загварын нисэх онгоц богино хугацаанд ижил төстэй шалтгаанаар дараалан осолдсон тул зогсоох шийдвэр гаргасан гэжээ.

АНУ-ын агаарын тээврийн зохицуулах байгууллагууд болон Boeing компанитай уг асуудлаар холбогдож, ярилцсаны дараа Boeing 737 Max загварын онгоцны нислэгийг үргэлжлүүлэх эсэхээ шийдэх гэнэ.

2016 онд зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн уг загварыг өнөөдөр Хятадын арав гаруй компани 60 орчмыг худалдан авч, ашиглаж байгаа ажээ.

Тэгвэл МИАТ компанийн энэ жил шинээр түрээслэх гурван онгоц гурвуулаа Boeing 737 Max загварын онгоц бөгөөд хоёрдугаар сарын 1-нд Монголд ирсэн энэ төрлийн онгоц нислэг үйлдсээр байгаа билээ.

Мөн ирэх тав болон 11 дүгээр сард шинээр түрээслэх онгоцууд ч  энэ загварын онгоцууд байх юм.

Богино хугацааны давтамжтай болсон осолтой холбогдуулан энэ төрлийн онгоцоо нисгэсээр байх эсэх асуудлаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөртэй холбогдон тодруулахад "Индонезид болсон ослын шалтгаан 100 хувь эцэслэж гараагүй байна. Мөн өчигдөр болсон ослын шалтгаан гарах болоогүй ч бид  Boeing компанид хандан тайлбар хүсээд байна. Одоогоор хариу ирээгүй байгаа тул бид өнөөдрөөс эхлэн Boeing 737 Max 8 загварын сүүлд ирсэн онгоцны нислэгийг түр зогсоох шийдвэр гаргалаа" гэв.

Түүнчлэн  Boeing 737 Max 8 загварын онгоцны нислэгийг зогсоох шийдвэрээ Британий харьяанд байдаг Кайман арлын Cayman Airways компани мөн өнөөдөр гаргасан байна.

Ослын шалтгааныг тогтоох хүртэл эдгээр онгоцнуудаа нислэгт ашиглахгүй бөгөөд “зорчигчдын аюулгүй байдал хамгийн эхэнд тавигдана” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Фабиан Уормс мэдэгджээ.

2017 оноос хойш Boeing 737 Max загварын 5,000 орчим онгоцны захиалгыг Boeing компани аваад байгаагаас 300 гаруй нь дэлхийн өнцөг булан бүрт нислэг үйлдэж байгаа юм.