“Оросын санхүүгийн корпораци” Венесуэлийн бүх мөнгөн гүйлгээг хариуцна

ОХУ дахь Венесуэлийн компаниудын мөнгөн хөрөнгийг хадгалах, гүйлгээ хийх ажлыг “Оросын санхүүгийн корпораци” /Российская финансовая корпорация» РФК/ хариуцан гүйцэтгэхээр болсон талаар РИА Новости агентлаг мэдээллээ. 

ОХУ-ын эрх баригчид, Венесуэлийн бизнес эрхлэгчдийн хамтарсан зөвлөгөөний үр дүнд уг шийдвэрийг гаргасан байна. “Оросын санхүүгийн корпораци” цаашдаа Венесуэлийн бүх аж ахуйн нэгжүүд, тэр дундаа PDVSA-ийн данс, мөнгөн гүйлгээг хариуцах үндсэн банкны үүргийг гүйцэтгэнэ” гэж эх сурвалж хэлсэн байна.

Венесуэль улс барууны орнуудад байршуулсан хөрөнгөө хэдэн жилийн өмнөөс Өмнөд Америк, ОХУ руу татан төвлөрүүлэх болсон бөгөөд энэ нь хоригт орж царцаагдахаас болгоомжилсон үйлдэл байсан юм. Энэ үйл явц өдгөө ч үргэлжилж байна. Ерөнхийлөгч Н.Мадуро өнгөрсөн сарын сүүлээр бизнесийн хүрээнийхэнтэйгээ уулзаж, нэр бүхий 50 аж ахуйн нэгждээ ОХУ, Энэтхэг, Турк, БНХАУ-ын банкуудад данс нээхийг зөвлөж, энэ талаар сургалт семинаруудыг зохион байгуулжээ.

ОХУ-ын “Газпром банк” АНУ-ын хоригт өртөхөөс болгоомжилсондоо өөрт нь хадгалагдаж байсан Венесуэлийн төрийн өмчийн газрын тосны компани PDVSA-ийн хөрөнгийг царцаасан гэсэн мэдээлэл өмнө нь цацагдсан ч банк үгүйсгэсэн. Гэхдээ тус банк PDVSA-ийн дансыг өөрөөсөө шилжүүлсэн нь мэдээлэлд үнэний хувь байсныг баталж байна. Өөрөөр хэлбэл, Венесуэлийн компаниудын хөрөнгийг “Оросын санхүүгийн корпораци” гэсэн ганцхан банкинд даатгаснаар бусад банкуудад хоригийг тойрох боломж олдож байгаа юм. Венесуэлийн төсвийн орлогыг бүрдүүлдэг гол аж ахуйн нэгж болох PDVSA тэргүүтэй компаниудын мөнгөн хөрөнгө ийнхүү ОХУ-д байршлаа.

Шинэ мэдээ