“Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлсэн бөгөөд хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын  хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдах бөгөөд шаардлагатай санхүүгийн материалыг шалгах зорилгоор  “Эрдэнэт” үйлдвэрт онцгой байдал тогтоож байна. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын чуулганаар оруулж холбогдох мэдээллийг танилцуулна. Ерөнхий сайдын даалгавраар Засгийн газрын тогтоолыг нэн даруй хэрэгжүүлэх ажлын хэсэг гарсан.   Засгийн газрын хуралдааны дараа “Эрдэнэт” үйлдвэр рүү хөдөлнө.

“Эрдэнэт” үйлдвэрт үүссэн асуудал бол Зүүн өмнөд Азид түгээмэл ашиглагддаг мөнгө угаалтын  түгээмэл систем. Дэлхийн 13 улсад энэ систем ажиглагддаг жижиг луйврын асуудал. Тиймээс үүнд сүржигнээд байх зүйлгүй. Хууль хэрэгждэг улсад энэ асуудал аль эрт шийдэгдчихсэн байх байсан.  Аливаа асуудлыг эцэслэн мухарлаж, зөв ойлголт өгч явах нь Засгийн газрын үүрэг. Мөн Засгийн газрын хуулиар олгогдсон эрх нь гэмт хэрэгтэй тэмцэх явдал. Засгийн газар өөрөөс шалтгаалах зүйлээ хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж ажиллаж байна.

Шүүгч М.Батсуурийг энэ мөнгө угаалтын системд  оролцсон байж болзошгүй гэдэг үндэслэлээр  Засгийн газраас АТГ-т, ШЕЗ-д гомдол гаргахаар болсон. Мөн "Эрдэнэт"-ийн асуудалд оролцсон нэр бүхий хүмүүсийг АТГ-т газарт өгөх шийдвэр гарсан.

Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-аас мөнгө угаалттай холбоотой уг асуудлыг тодруулах зорилгоор зарим нэг хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Өнөөдөр прокурорт  хандана. Прокурорын байгууллага жил орчмын хугацаанд ЦЕГ-ын үйл ажиллагааг тасалдуулсан гэж үзэж байна. Мөн ойрын хугацаанд шүүх дээр очно. Хэн гэдэг албан тушаалтан дээр очиж ямар байдлаар гацах нь уу гэдгийг Монголын ард түмэн нүд цавчилгүй харна.

Өчигдрийн үйл явдалтай холбоотойгоор нэр бүхий улстөрчид, өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хууль хяналтын байгууллагууд руу дарамт үзүүлсэн. Цаашид ийм байдал гарсаар байвал тэднийг нэр устай нь олон нийтэд зарлана.  Цаашид энэ үйлдэл давтагдвал нэрийг нь зарлана" гэлээ.

Шинэ мэдээ