Ард Кредит ББСБ-ын анхдагч арилжааны захиалга давж биелэв

Ард Кредит ББСБ-ын анхдагч зах зээлийн хувьцааны захиалга 2 сарын 18-аас 3 сарын 1-ний хооронд явагдаж, компанийнхаа 25 хувийг олон нийтэд санал болгосон билээ.

Стратегийн хөрөнгө оруулагчдаас 2.5 тэрбум төгрөг босгосон бол олон нийтэд санал болгосон хэсэгт нийт 1,763 хувь хүн, аж ахуй нэгжээс 7.3 тэрбум төгрөгийн захиалга ирж, татан төвлөрүүлэх доод дүнгээс 3 дахин давсан захиалга ирсэн байна.

MSE: ADB гэх тикер дор бүртгэгдэх энэхүү хувьцааг тогтоосон үнийн арга болон захиалгын бүртгэлийн аргуудыг хослуулан, нэгж хувьцааг 70-85 төгрөгийн хооронд санал болгосон юм.

Хөрөнгийн биржийн мэдээлснээр захиалгын дийлэнх нь 85 төгрөг дээр ирсэн хэдий ч үнэт цаас гаргагч болон андеррайтер компаниудын зүгээс МХБ-ийн журам, хөрөнгө оруулагчдад өгөх өгөөж, хүртээмжийг харгалзан үзэж, нэгж хувьцааны нийлүүлэх үнийг 81 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр 81 төгрөгөөс дээших захиалгыг журмын дагуу 43.73 хувиар хувь тэнцүүлэн тооцож хуваарилж, тус үнээс доогуур өгсөн оролцогчдын захиалга биелэх боломжгүй аж.

Ийнхүү Ард Кредит олон нийтээс 5.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлж байгаа ба мөн энэ сард Японы эх үүсвэрээс нийт 5 сая долларын санхүүжилт авч байгаа аж. Нийт татан төвлөрүүлсэн санхүүжилтээ оны эхэнд танилцуулсан Ард Апп-аар зээл олгоход зарцуулах юм байна.

Шинэ мэдээ