Цахиурын хөндийн амьжиргааны өртөг өндөр байгаа нь дэлхийн инновацын төв гэх байр суурийг ганхуулж байна

Ирэх дөрвөн жилд дэлхийн инновацын төв Цахиурын хөндий байхаа болино гэж технологийн салбарын тэргүүлэгчдийн дийлэнх нь үзэж байна. Санхүүгийн зөвлөх үйлчилгээний “KPMG” компанийн судалгаагаар Цахиурын хөндийн байр суурийг эзлэх магадлалтай хотуудыг Нью-Йорк тэргүүлж байна.

 Өмнө нь энэ жагсаалтыг БНХАУ-ын Шанхай хот тэргүүлж ирсэн юм. Шинэ жагсаалтаар Нью-Йоркийн дараа мөн л БНХАУ-ын Бээжин хот бичигдэж байна. Түүнчлэн Тайваний Тайбэй хот Шанхайн араас дөрөвдүгээрт бичигджээ.

АНУ-ын Цахиурын хөндий дэлхийн инновацын төв гэх байр сууриа алдаж байгаа гол шалтгаан нь амьжиргааны өртөг өндөр байгаатай холбон үзсэн байна. Мөн дэд бүтцийн хөгжил хоцрогдож байгааг судалгаанд оролцогчид шүүмжилжээ. Сүүлийн жилүүдэд БНХАУ инновацаар АНУ-тай хүч түрэн өрсөлдөж байгаа юм. Хэдий тийм боловч энэ жилийн судалгааны дүн БНХАУ-ын талд төдийлөн таатай гарсангүй.

Технологийн инновацаар хамгийн хурдтай өсөж яваа зах зээлийг тодорхойлох судалгаанд өнгөрсөн онд нийт оролцогчдын 26 хувь нь БНХАУ-ыг сонгож байсан бол энэ жил 17 хувь болж буурсан байна. Үүнийг АНУ, БНХАУ-ын хооронд үүсээд байгаа “Худалдааны дайн”, технологийн маргаантай холбон тайлбарлаж байгаа юм.