Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттай холбогдолтой асуудлыг мөрдөн шалгаж байна

Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттай холбогдолтой асуудлыг Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай мэдээллээ.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттай холбогдолтой хэргийг Нийслэлийн прокурорын газраас түдгэлзүүлсэн гэсэн мэдээллийг хийсэн.

Тэгвэл энэ мэдээллийг Нийслэлийн ерөнхий прокурор үгүйсгэлээ. Тэрбээр “2018 оны 2 сард УИХ-ын гишүүн, тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараас “..Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттай холбогдолтой асуудлыг шалгуулах тухай..” гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Энэ дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 02 сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, одоо Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Түүнээс хэргийг түдгэлзүүлсэн, хаасан зүйл огт байхгүй. Хэрэгт нэлээд ажиллагаа хийгдсэн” гэсэн тайлбарыг өгчээ.