Ким Жон Ун: Цөмийн зэвсгээс бүрэн ангижрахыг хүсээгүй бол ингээд зогсож байхгүй байсан

Өнөөдөр АНУ-БНАСАУ-ын удирдагчдын уулзалтын өмнө зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр БНАСАУ-ын удирдагчаас нэгэн сэтгүүлч: “Та үнэхээр цөмийн зэвсгээс бүрэн ангижрахыг хүсэж байна уу?” хэмээн  асуусан юм.

Уг асуултанд Ким Жон Ун удирдагч хариулахдаа: “Хэрвээ би хүсээгүй бол ингээд зогсож байхгүй байсан” гэж хариулжээ. Энэ хариултыг сонссоны дараа Д.Трамп: “Сайхан хариуллаа. Гайхалтай. Миний сонссон хамгийн сайхан хариулт байлаа” гэсэн байна. 

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун БНСУ-д айлчлахдаа болон Сингапур улсад болсон дээд хэмжээний уулзалтуудын үеэр цөмийн зэвсгээс бүрэн ангижрах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсээр ирсэн ч түүний хэлснийг нотлох ахиц дэвшил одоогийн байдлаар гараагүй байна гэж шинжээчид үзэж байгаа ажээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай өчигдөр уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ БНАСАУ-ын удирдагчтай хийж буй хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилгоосоо ухрахгүй” гэдгээ онцлон тэмдэглэлээ.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр “Солонгосын дайн дууссаныг зарлах албан ёсны тунхаг бичиг” батлах эсэх талаар Д.Трампаас асуухад тэрбээр, "Хариулт удахгүй мэдэгдэнэ" гэж хариулжээ.

Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун мэдэгдэлдээ: “АНУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр дахь удаагийн уулзалтыг хийхийн тулд олон саад бэрхшээлийг даван туулснаа дурдаад, Сингапурт болсон анхны уулзалтаас хойшхи хугацаанд аливаа асуудалд хүлээцтэй, тэвчээртэй хандсаар ирснээ цохон тэмдэглэсэн бөгөөд энэ удаагийн уулзалт нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Вьетнам улсын нийслэл Ханой хотод болж буй энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх гол асуудал бол Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах явдал юм. Үүнээс гадна уг уулзалт “Олон улсын БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөөлрүүлж, тус улсын эдийн засгийг дэмжих шинэ боломж бололцоог нээх магадлалтай” ажээ.