МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг сонгох их хурал эхэллээ

МҮХАҮТ манай улсын хамгийн олон буюу 3500 бизнес эрхлэгчийг эгнээндээ нэгтгэсэн ТББ.

Энэ байгууллагын бүх гишүүний ээлжит их хурал өнөөдөр СТӨ-нд болно. Хурлаар танхимыг ирэх дөрвөн жилд удирдах Ерөнхийлөгчийг 800 төлөөлөгчийн нээлттэй саналаар сонгох юм. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө болж байгаагаараа энэ удаагийн их хурал онцлогтой. Иймд өмнөхөөс илүү олон буюу дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна. Одоогоор нэг л нэр дэвшигч (Ч.Ганхуяг) намаасаа гарч, УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ зарлаад байна. 

  • Одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагважав,
  • UFC группийн Ерөнхийлөгч О.Амартүвшин (өмнөх сонгуульд мөн өрсөлдсөн)
  • “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг,
  • БНН-ын дарга, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан нар нэрээ дэвшүүллээ.

Бүгд хувийн компанитай, олон жил бизнес эрхэлсэн хүмүүс.

МҮХАҮТ манай улсын хамгийн олон гишүүнтэй ТББ гэдгийг дурдсан. 1960 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, гадаад харилцаа сайтай, 21 аймагт салбартай,  бизнес эрхлэгчдийн хамгийн том төлөөллийн байгууллага болох МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр хэн ажиллах нь ялангуяа бизнес эрхлэгчдэд их чухал.

Дэлхийн банкнаас жил бүр улс орнуудын бизнесийн индексийг танилцуулдаг. 2017 онд манай улс 62 дугаарт орсон бол 2018 онд 12 байраар ухарч, 74 дүгээрт бичигдэв. Бизнес эрхлэгчид санхүүжилт дутмаг, зээлийн хүү өндөр, улс төрийн орчин тогтворгүй, төрийн албаныхны хүнд суртал их гээд олон зовлон тоочдог. Иймээс бизнесийн орчны үзүүлэлтүүд сайжрах биш харин ч буурсаар байна. Эрх баригчид, хувийн хэвшлийн хооронд гүүр болон ажилладаг МҮХАҮТ эдгээр асуудлыг шийдвэр гаргагчдад танилцуулах, ойлгуулах, төрийн байгууллагатай хамтран ажиллах замаар гарц гаргалгаа санал болгох буюу төрийг лоббидох үүрэг хүлээдэг. Иймд өнөөдөр болох санал асуулгаар МҮХАҮТ-ын гишүүд эрх ашгийг нь хамгийн сайн хамгаалж чадах, шийдвэр гаргагчдад нөлөөлж чадах хүнийг л сонгоно. 

НЭР ДЭВШИГЧИД ИРЭХ ДӨРВӨН ЖИЛД МҮХАҮТ-ЫГ ХЭРХЭН
ХӨГЖҮҮЛЭХЭЭР АМЛАВ?

Нэр дэвшигч Б.Жаргалсайханаас бусад нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зорилго, бодлогоо өнгөрсөн өдрүүдэд хангалттай танилцуулав. Багцлан хүргэвэл:

Б.Лхагважав:Татварын багц хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэн батлуулах, нийгэмд бизнес эрхлэгчдийн нэр хүндийг өсгөх. Мөн зах зээлийн тохируулгыг лицензээр хийдэг тул лицензийн хөдөлгөөнийг төр биш мэргэжлийн холбоод хариуцдаг болгох. Зах зээлд тоглогчдын шударга өрсөлдөөнийг хангахын тулд лицензийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Зохицуулж чадахгүй бол эдийн засгийн том хохирол амсдаг.

О.Амартүвшин: Танхим маш том судалгааны институц болох ёстой. Стратеги судалгаа хийдэг, зах зээлээ судалдаг, эдийн засгийн орчноо танддаг байх учиртай. Тэр судалгаандаа үндэслээд “Бид яавал илүү сайн орчныг бүрдүүлэх вэ” гэдэг дээр төрд хандаж зөвлөмж гаргах ёстой байгууллага. Төр зөвлөмжтэй нь танилцаж үзэл баримтлалаа харж сонголтоо хийгээд явдаг. Мөн МҮХАҮТ-ын хуулийг өөрчилнө. Танхимын орон нутгийн салбаруудын бие даасан байдлыг хангахад онцгой анхаарч ажиллана. 

Ч.Ганхуяг: МҮХАҮТ-ын үйл ажиллагаа ил тод бус байгаа учраас аудит хийлгэнэ, судалгааны болон сэтгүүлчдийн хүрээлэн ажиллуулна. Цаашид санхүүгийн тайланг ил тод болгоно. Дүрмийг шинэчилнэ. Мэргэжлийн бусад холбоодыг МҮХАҮТ-ын дээвэр дор нэгтгэнэ.