Хятадын агаарын тээврийн Чингис хаан буюу “Genghis Khan Airlines” компани нислэг үйлдэх зөвшөөрлөө авчээ

Удахгүй албан ёсоор нислэг үйлдэж  эхлэх Хятадын агаарын тээврийн Чингис хаан буюу “Genghis Khan Airlines” компанийг тус улсын агаарын тээврийн салбарт цахиур хагалах шинэ өрсөлдөгч гэж үзэж байгаа аж. Өнгөрсөн оны гуравдугаар сард БНХАУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газар “Genghis Khan Airlines”-д нислэг үйлдэх зөвшөөрлийг нь ногоон гэрлээр өгсөн юм. Өвөр Монголын Хөх Хотод төвтэй тус компани нь Хятадад үйлдвэрлэсэн онгоцоор нислэг үйлдэгч анхны компани гэдгээрээ онцлог юм.

Тус компани нь Хятадын дотоодын агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулах бөгөөд нийт 440 сая ам.долларын өртөгтэй аж. Тэд эхний таван жилд 40 чиглэлд 60 гаруй төрлийн нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Харин найман жилийн дотор 80 гаруй чиглэлд 150 төрлийн нислэг үйлдэж, үйл ажиллагаагаа тэлэх зорилт тавьжээ.

Саяхан “Genghis Khan Airlines” нь БНХАУ-ын иргэний агаарын тээврийн нисэх онгоц үйлдвэрлэгч “COMAC” корпорацийн ARJ21 тийрэлтэт хос хөдөлгүүрт онгоцыг хүлээн авсан байна. Тус онгоц нь хоёрдугаар сарын 22-нд B-001R нислэгийн бүртгэлтэйгээр Шанхайн Дачанг агаарын баазаас Хөх хотын олон улсын Баита нисэх буудалд хүрч очсон аж. Төлөвлөсөн ёсоор өнгөрөгч оны сүүлээр 25 ширхэг ARJ21 онгоцнуудын эхний хэсгийг “COMAC”-аас хүлээн авах ёстой байсан юм. Гэвч тодорхой шалтгааны улмаас нийлүүлэлт хойшлогдоод байсан аж.

Нисэх онгоц үйлдвэрлэгчдийн зүгээс шинээр үүсгэн байгуулагдсан“Genghis Khan Airlines” компанид таван жилийн дотор дахин 25 ARJ21 шинэ онгоц нийлүүлэхээр болсныг “COMAC” корпорацийн тэргүүн Хао Юутао мэдэгдсэн байна.  

ARJ21 онгоц нь богино ба дундын тийрэлтэт хөдөлгүүртэй 78-90 хүний суудалтай бүс нутгийн буюу 3700 хүртэл километр замд нислэг үйлдэх боломжтой аж.

Эх сурвалж: Аerotime