Нийслэл хотыг мэргэжлийн цэцэрлэгчид чимнэ

Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө шинээр батлагдан мөрдөгдөж эхлээд байна. Энэ төлөвлөгөөнд тусгасан нэг чухал ажил нь Улаанбаатар хотын ногоон байгууламжийг арчлан тордох, нөхөн сэргээх чиглэлээр ажиллах  мэргэжлийн боловсон хүчин, цэцэрлэгчдийг бэлтгэх асуудал юм.

Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаалаар Захирагчийн ажлын алба, Олон Улсын Улаанбаатар Их сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн Эко Монгол Эрдэнэ төвтэй хамтран 2019 оны хоёрдугаар сарын 25-наас эхлэн 23 хоногийн “Цэцэрлэгчин” бэлтгэх сургалт зохион байгуулж байна.

Сургалтад Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хувийн хэвшлийн цэцэрлэгжүүлэлтийн компаниудын ажилчид, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компанийн 200 орчим ажилтан хамрагдаж байна. 


Сургалтын хөтөлбөрийн дагуу хотын гудамж цэцэрлэгт мод, сөөг, цэцэг, зүлэг тарих болон арчлах, ургуулах, үйл ажиллагаанд суралцуулна. Мөн мод сөөгөнд хийх 20 гаруй төрлийн агротехнологийн ажилбаруудыг, тухайлбал мод сөөгийг хэлбэржүүлэх, тайрах, засах арга барилд суралцах юм. Төгсөгчдөд Мэргэжил сургалт үйлдвэрийн төвөөс мэргэжлийн сертификат олгоно гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.