“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Ачитсайханыг томилжээ

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ТУЗ хуралдаж, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэргийг үндэслэн Гүйцэтгэх захирлаар Б.Ачитсайханыг томилжээ.

Тэрбээр “Эрдэс Баялаг Эрчим хүчний яам”-ны Уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын төрийн захиргааны төв байгууллагад мэргэжилтэн, УУХҮЯ-ны ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар 2010 оноос хойш ажилласан туршлагатай аж.

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Алт 2” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувийн эзэмшил дор 2018 онд байгуулсан юм. Тус компани нь үнэт металл эрэх, хайх, олборлох, цэвэршүүлэх, борлуулах чиг үүрэгтэй. Энэ хүрээнд үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийн технологийн зураглалын ажлыг нэн түрүүнд хийнэ гэдгээ “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан онцоллоо.