МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид-Хэн нь хэн бэ?

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ээлжит 20-р их хурал энэ хоёрдугаар сарын 28-ны өдөр болно. Уг хуралдаанаар ирэх дөрвөн жил танхимыг удирдах Ерөнхийлөгчөө сонгох юм. XX Их хурал нь МҮХАҮТ-ын 60 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд Удирдах зөвлөл дүрэмдээ өөрчлөлт оруулж, танхимын удирдах албан тушаалтнуудаа сонгохоор төлөвлөсөн байна.

 

МҮХАҮТ нь 3500 орчим аж ахуйн нэгжийн гишүүнчлэлтэй, Монголдоо хамгийн томд тооцогдох бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллага юм. Тус байгууллагыг өмнө нь 10 гаруй жилийн туршид УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл удирдаж ирсэн байдаг. Гэвч тэрбээр өмнөх XIX-р их хурлаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, албан тушаалаа одоогийн Ерөнхийлөгч “Урбанек”-ийн Б.Лхагважавд өгсөн билээ. Тэр цагаас хойш ажил хүлээн авсан Б.Лхагважавын хувьд өдгөөг хүртэл өөдтэй ажлыг хийгээгүй ирсэн байдаг. Тиймээс энэ удаагийн XX-р их хурлаараа МҮХАҮТ гэдэг их айл удирдлагаа солихоор зэхээд байгаа нь энэ гэнэ.

 

Өнөөдрийн байдлаар тус танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр дөрвөн хүн албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Тодруулбал, МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар нэр  дэвшихээ мэдэгдсэн байна. Тэгвэл МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд буй дээрх эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг сонирхъё.

 

ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ:

Б.Лхагважавын хувьд “Урбанек”-ийн үүсгэн байгуулагч, Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн, МАН-ын гишүүн, тэрбээр 2014 оны МҮХАҮТ-ын их хурлаар олонхын санал авч, дөрвөн жил удирдаж байгаа юм. Одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагважав олон жил бизнес эрхэлж явсан учир салбарынхаа жаргал зовлонг мэдэрч, ажиллах хугацаандаа дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшинд хүргэхийг хичээн ажилласан. Түүний хувьд МАН-ын идэвхтэй гишүүдийн нэг юм.

 

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ”-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГ

Харин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн түрүүнд нэрээ дэвшүүлсэн хүн бол "Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг юм. Тэрбээр бизнес эрхлэгчдийн дуу хоолойг хүчтэй болгох үүднээс уг албан тушаалд нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдэж сонгогдвол цалингүй ажиллана хэмээгээд буй. Ч.Ганхуяг бол мөн л МАН-ын бага хурлын гишүүн нэгэн. Цагтаа Сангийн дэд сайдын албыг хашиж явсан. Түүнийг улс төрчөөс илүүтэй санхүү, бизнесийн салбартаа амжилт гаргаж гялалздаг гэж олон нийт дүгнэдэг. Тэрбээр намын харьяалалаасаа татгалзан бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа мэдэгдээд байгаа.

Тэрбээр “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахаас зайлсхийж, бизнес эрхлэгчид бид өдөр ирэх тусам төрийн тамга барьсан урагшгүй түшмэдийн шахалт ихтэй учир ажил хэргээ шулуун явуулахад хүндрэлтэй байна. Нийгэм, эдийн засгийн ийм тааламжгүй үед бизнесийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТ хувийн хэвшлийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, дуу хоолойгоо гаргах тал дээр хойрго хандан оновчтой, үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байна. Тиймээс МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн туршлагатай, чадварлаг багийн хамт оролцоно” гэдгээ мэдэгдээд байгаа юм.

 

“БУЯН”-ГИЙН Б.ЖАРГАЛСАЙХАН

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдээд буй хүн бол олноо “Буян”-гийн хэмээн алдаршсан БНН-ын дарга Б.Жаргалсайхан юм. Түүний хувьд 1980 оны сүүлчээс эхлэн “Буян” компаниа байгуулан одоог хүртэл амжилттай ажиллаж яваа бизнесмэн. Анх “Буян” Жагаа Хятадаас 10 төгрөгийн бараа авч Орост мянган төгрөг,  Сингапураас 2000 ам.долларын видеокамер авч Хятадуудад 4000 ам.доллараар зарах зэргээр өөрийнхөө хөрөнгө мөнгөө аривжуулсан гэдэг.

 

Тэр ч байтугай Б.Жаргалсайхан нь УИХ-ын гишүүнээр сонгогдож, улмаар Үйлдвэр худалдааны сайдын албыг хүртэл хашиж явсан нэгэн. Б.Жаргалсайханы хувьд. 2005 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин 13,83 хувийн саналтайгаар өвдөг шороодож явлаа. Түүнээс хойш олон ч сонгуульд ялагдсан. Хамгийн сүүлд л гэхэд тэрээр Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлж байсан юм.

 

UFC ГРУППИЙН ТУЗ-ИЙН ДАРГА О.АМАРТҮВШИН

Танхимын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн дөрвөн эрхмийн нэг бол UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин. Түүний хувьд танхимтай хориод жил хамтран ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хоёр дахь удаагаа өрсөлдөх гэж байгаа туршлагатай юм. Анхдагчдын өлгий болсон Булган аймгийн харьяат тэрээр өнгөрөгч 2016 онд улс төрд хүчээ үзэж, УИХ-ын сонгуульд АН-аас нэрээ дэвшүүлээд ялагдсан удаатай.

Маргааш болох сонгуульд эдгээр дөрвөн хүний нэгийг бизнес эрхлэгчид сонгох үлдлээ.