Ч.Ганхуяг: Танхим нь улстөрд карьер хийх шат дамжлага байж болохгүй учир намын гишүүнчлэлээс татгалзлаа

Улаанбаатар хотын худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн "Ард санхүүгийн нэгдэл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Ч.Ганхуяг улс төрөөс ангид байж, намын гишүүнчлэлээс татгалзаж, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, бизнесийн орчин, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлж, цогцоор асуудлыг шийдэхэд анхаарч ажиллахаа мөрийн хөтөлбөртөө тусган олон нийтэд танилцуулсан. МҮХАҮТ-ын гишүүн аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан захидал илгээснийг хүргэж байна.

Сайхан хаваржиж байна уу, Та?

2019 оны 2 дугаар сарын 28-нд болох Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит Их хурлаар миний бие тус байгууллагын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр шийдэж Та болон таны удирдаж буй байгууллагаас дэмжлэг хүсэн ийнхүү хандаж байгааг хүлээн авна уу.

Сүүлийн жилүүдэд Монгол улсад бизнес эрхлэх орчин тогтмол уруудан муудаж, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээн хөөх, баялаг бүтээгчдийг гадуурхан жигших, бүрэлдэн бий болж байгаа чинээлэг болон дунд орлоготой нийгмийн давхаргыг үгүй хийх ил далд оролдлогууд гарч, популизмд идэгдсэн улс төрийн тогтворгүй нөхцөл байдал давамгайлж, улс орны эдийн засгийн тусгаар тогтнол алдагдах, бизнес эрхлэгчдийн эрх чөлөө хумигдах эрсдэл бий болоод байна гэж харж байна.

Ийм нөхцөлд бизнесийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн илэрхийлж, баялаг бүтээгчдийг дэмжин хамгаалах үндсэн үүрэгтэй бизнес эрхлэгчдийн хамгийн том төлөөллийн байгууллага болох МҮХАҮТ-ын манлайлал, үүрэг онцгой чухал юм. Иймд МҮХАҮТ-ын үйл ажиллагааг идэвхжүүлж, зохион байгуулалтыг оновчтой болгон, асуудалд нээлттэй байр сууринаас хандаж, илүү жинтэй, далайцтай хөдөлж, бодитой үр дүн гаргаж, үр ашигтай ажиллуулах бүрэн боломж бий гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Өнөөдөр Монголын баялаг бүтгээгчид бид салбар харгалзалгүй Танхимынхаа манлайлал дор нэгдэж, эх орныхоо ирээдүйг зөв зүгт чиглүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр хүүхдийнхээ амьдрах орчныг сайжруулах үйлсэд чин сэтгэлээ зориулан дуу хоолойгоо нэгтгэж төр засагт цаг алдалгүй хүргэх цаг нь болжээ.

Эрхэм Таныг МҮХАҮТ-ын энэ удаагийн сонгуульд миний зүгээс дэвшүүлсэн зорилго, мөрийн хөтөлбөртэй цаг гарган танилцаж, намайг болон манай багийг дэмжихийг чин сэтгэлээсээ хүсье.

Таны итгэл надад чухал. Таны оролцоо Монгол улс оронд чухал юм. Тиймээс би тэр итгэлийг олж авч, хариуцлага үүрэхийн тулд хэд хэдэн зүйл дээр эргэцүүлэн бодож, дараахь шийдвэрийг гаргаад байна.

Нэгд, миний зүгээс өөрийн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн энэ хариуцлагатай албан тушаалд нэрээ дэвшүүлж байгаа тул цалин хөлс авахгүй ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Би Монголын Эдийн Засгийн Форумыг санаачлан зохион байгуулж, CEO Club-ыг удирдаж, Улаанбаатар хотын Худалдааны Танхимыг үүсгэн байгуулалцаж байхдаа ачааны хүндийг үүрэхээс зайлсхийж байгаагүй ээ. Иргэний нийгмийн олон байгууллагын удирдлагад ажиллахдаа өөртөө авахыг биш, бусдад өгч, бусадтай хуваалцахыг илүүд үзэж ирсэн зарчимтай. Ямартай ч Танхимын удирдлага даргынхаа цалин хөлсний асуудлаар талцан хуваагдаж, цаг бардаг байдлаа зогсоох нь зүйтэй гэж би харж байгаа.

Хоёрт, Танхимын дарга нь улстөрөөс хараат бус байдлаар ажиллах ёстой гэж үзэж буй тул миний бие дээрх хариуцлагатай ажилд та бүхний итгэлийг олж очсон тохиолдолд МАН-ын болон МАН-ын Бага Хурлын гишүүнчлэлээс түдгэлзэх болно. Ингэснээр баялаг бүтээгчдийн дуу хоолой ямарваа татлаагүй, улстөрийн нөлөөгүй, хүлээсгүй болно гэж харж байна. Нийт Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон Танхимын дарга нь аль нэг намын хараат байж болохгүй.

Гуравт, Танхим нь улстөрд карьер хийх шат дамжлага байж болохгүй гэж боддог учраас Танхимын даргаар сонгогдвол 2024 он хүртэл аливаа улстөрийн сонгуульд оролцохгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Энэ сонгуулийн хугацаанд бид хамтдаа ханцуй шамлан уухайлан ажиллаж, өмнөө тавьсан зорилгодоо хүрэх ёстой болно.

Энэ бол миний өнөөг хүртэл баримталж ирсэн зарчим. Энэ зарчим нийтлэг болох ёстой гэж боддог тул бусад нэр дэвшигчдэд мөн энэ зарчмуудыг хүлээн авч, дэмжин дагахыг уриалж байна.

МҮХАҮТ нь бизнесийн орой байгууллагын хувьд ёс зүйн хамгийн дээд түвшинд үлгэрлэн ажиллах ёстой. Мөрийн хөтөлбөр, хийх ажлаараа ухаанаа уралдуулж өрсөлдөж гишүүдийнхээ дэмжлэгийг авч, сонгогдох ёстой. Иймд энэ удаагийн сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдийг нээлттэй мэтгэлцээнд урьж байна.

МҮХАҮТ-ын Их Хурал товлогдож, сонгууль зарлагдсантай зэрэгцэн өнөөгийн удирдлагууд Танхимын дүрэмд “түр өөрчлөлт” гэх нэрэн дор хэд хэдэн ноцтой зүйл заалтыг оруулан энэ удаагийн Их Хурлаар батлуулж, хууль бус, ямарч хамаагүй аргаар эрх мэдэл албан тушаалдаа үлдэх явуургүй оролдлого хийснийг би нэр дэвшигчийн хувиар буруушааж, эсэргүүцэл илэрхийлж байна. Гишүүнчлэлийн статусыг тодорхойгүй болгон, Танхимын удирдлагад сонгогдон ажиллахад хиймэл босгыг зохиомлоор гарган тавьж байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй, хүний эрх, эрх чөлөөг боогдуулан та бидний сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдсан зүйл гэж би харж байгаа тул та бүгдийг энэхүү явдлыг таслан зогсооход дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна. Энэхүү бусармаг, хууль бус ажиллагааг зогсоох зорилгоор бид шүүхэд хандаад байгаа билээ.

Танхимын үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх ёстой. Засаглалын дээд байгууллага болох Их Хурлын үйл ажиллагаа мөн хууль дүрмийнхээ дагуу, нээлттэй, ил тод шудрагаар явагдах ёстой. Тиймээс хурлын үйл ажиллагаа хууль дүрмийн дагуу явж буй эсэхэд хөндлөнгийн хяналт тавих аудитын байгууллагыг ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн энэ удаагийн хурлын зохион байгуулалт, бүртгэл, санал тооллого зэргийг цахим технологийг ашиглаж буй нь сайшаалтай хэдий ч тус програм хангамж, технологийн шийдлийн үнэн зөв бодитой эсэхэд мэргэжлийн компаниар аудит хийлгэж, хяналт тавиулах хүсэлтэй байна. Үүнийг дэмжиж гарын үсэг цуглуулах ажлыг бид зохион байгуулах болно. Та санал бодлоо хэлж, шудрага ёсны төлөө дуугаа нэмэрлэнэ үү?

Эцэст нь МҮХАҮТ-ын үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, гишүүддээ ил тод, санхүүгийн сахилга батыг бүхий л шатандаа чанд дагаж мөрддөг, үлгэр жишээ байгууллага байх ёстой. Харамсалтай нь МҮХАҮТ-ын санхүүгийн тайлан нь ил бус, санхүүгийн үйл ажиллагаагаа Хяналтын Зөвлөлдөө тайлагнадаггүй, санхүүгийн сахилга бат алдагдсан байдал ужгирсан байгаа нь нууц биш ээ. МҮХАҮТ-ын санхүүгийн тайлан, хөрөнгө мөнгөний зарцуулалтад шалгалт оруулж, үр дүнг нийтэд ил болгох талаар миний бие холбогдох аудитын байгууллагад хандах болсныг мэдэгдэхийн сацуу та бүхэн энэхүү санаачлагыг мөн дэмжинэ гэдэгт итгэж байна.

Бид бүгд зорин нэгдэж, зориглон хөдлөвөөс хүрч болохгүй гэгээтэй алс, өөрчилж болохгүй алдаатай зүйл, гаргаж болохгүй дээд амжилт гэж үгүй болно.

Монгол Улс маань үүрд бадран мандах болтугай. Бадран мандуулахын төлөө хамтдаа хөдөлье!

Гүнээ хүндэтгэн ёсолсон,

Ч. Ганхуяг

2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр