Ч.Ганхуяг: Бизнесийн орчныг улстөрийн хамааралгүй байлгахын тулд намын харьяаллаасаа татгалзана

Энэ сарын 28-нд болох МҮХАҮТ-ын ээлжит их хурал болж Удирдах зөвлөлийг шинээр сонгох сонгууль зохион байгуулагдах юм. Энэхүү сонгуульд УБХТ-ын УЗ-ийн гишүүн Ард санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа юм. Тэрбээр сонгуульд өрсөлдөж буй зорилго, мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар өнөөдөр сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт зохион байгууллаа.

Ч.Ганхуяг юуны өмнө энэхүү сонгуульт албан тушаалд очвол намын харьяаллаасаа татгалзаж, 2024 он хүртэл ямар нэг улстөрийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ илэрхийлсэн юм. Учир нь түүний хувьд бизнес эрхлэгчдийн хамгийн том төлөөлөл болсон МҮХАҮТ улстөрийн нөлөөгүй, удирдлага нь аль нэг намын  төлөөлөл байх боломжгүй хэмээн үзэж байгаа юм.

Түүнчлэн тэрбээр энэ албан тушаалыг хашсаны төлөө цалин авахгүй гэсэн юм. Ч.Ганхуягийн бодлоор өөрийн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн энэ хариуцлагатай албан тушаалд  очиж байгаа тул МҮХАҮТ-ыг зөв бодлого чиглэлтэй, бизнесийн орчныг бүхий л талаар дэмжсэн байгууллага болгохын тулд ямар нэг цалин хангамж элдэх шаардлагагүй хэмээн үзэж байгаа юм. Хэрвээ дүрэм, журмандаа зааснаар заавал цалин авах шаардлагатай бол тэрхүү цалингаа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын санхүүгийн болон гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтын үйл ажиллагаанд зарцуулна гэдгээ мэдэгдлээ.

Мөн МҮХАҮТ-ын зүгээс ЖДҮ дэмжих сан болон бизнесийг дэмжих бусад сангуудыг өөрийн харьяанд нэгтгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих зэргээр төрөөс бизнес эрхлэгчдийг дэмжих аливаа ажлуудыг илүү бодитой, нээлттэй, хүртээмжтэй байлгах тал дээр бодлого боловсруулж ажиллахаа илэрхийлсэн юм.