“Тинк банк 2019- Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран зохион байгуулж буй “Тинк банк 2019 – Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлэг өнөөдөр (2019.02.22) Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар үг хэлсэн бол Монголбанкны холбогдох мэргэжилтнүүд “Эдийн засгийн төлөв, мөнгөний бодлого”, “Валютын захын нөхцөл байдал, төв банкны оролцоо”, “Эдийн засгийн төлөв, инфляцийн дүн шинжилгээ”, “Гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө, нэвтрүүлэхэд тохиолдох эрсдэлийг бууруулах арга зам”, “Тэнцвэрт хүүний түвшинг үнэлэх нь”, “Бизнесийн мөчлөгийг тодорхойлох нь”, “Монгол Улсын экспорт, импортын эрэлт, орлого болон үнээс хамаарах мэдрэмж”, “Финтекийн хөгжил, эрх зүйн зохицуулалт, олон улсын туршлага” сэдвүүдээр илтгэл тавьсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах бодлого амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийн өсөлт сэргэж, өрийн дарамтаас гарч байна. Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрснээр хамгийн тогтвортой өсөлттэй 10 орны нэгэнд зүй ёсоор орж байна. Монгол Улс 2018 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн 10 орны нэг боллоо. Улсын төсөв ашигтай гарсан нь сүүлийн найман жилд байгаагүй үзүүлэлт болсон. Мөн Монголбанк 22 тонн алт худалдан авсан нь сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр амжилт" гэлээ.

 

2019 онд эдийн засаг 6.9 хувиар ӨСНӨ

Монгол Улсын 2019 оны эдийн засгийн өсөлтийн голч таамаглал 6.9 хувьтай гарчээ. Эдийн засгийн өсөлтийг экспорт, хөрөнгө оруулалтын өсөлт голлон тэтгэж байгаа ба хөрөнгө оруулалтын өсөлт дотоод эрэлтийг хүчтэй нэмэгдүүлж байгаа нь нөлөөлнө гэж Төв банкнаас тооцсон байна. Мөн эдийн засгийн гадаад таатай орчноос гадна дотоодын сахилга баттай төсөв, мөнгөний бодлого, Зээлийн хүүний бууралт, зээлийн нийлүүлэлтийн өсөлт, зах зээлд оролцогчдын итгэл нэмэгдсэн нь нөлөөлж байна.

Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөвт өрхийн хэрэглээ нэмэгдэх, хөрөнгө оруулалтын өсөлт тогтворжих, нүүрсний экспорт нэмэгдэх, уул уурхайн бус салбарын өсөлт нэмэгдэх, бизнесийн зээлийн өсөлт нэмэгдэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт, хувийн секторын гадаад зээл хэвийн үргэлжлэх байдал ажиглагдаж байгаа нь нөлөөлөх юм байна.

 

2019 онд төгрөгийн ханш сулрах ДАРАМТ багасна

“Тинк банк 2019 – мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын 2019 оны төлбөрийн тэнцэл эерэг байх хүлээлттэй байгааг хэлж байлаа. Тухайлбал, энэ онд Засгийн газрын гадаад өрийн эргэн төлөлт бага байгаа нь нөлөөлөх юм байна. 2018 онд Монгол Улс 1.0 тэрбум ам.долларын гадаад өр барагдуулсан бол 2019 онд 400 сая ам.долларын гадаад өр төлөх юм. Мөн экспорт, импортын хэмжээ бага зэрэг өсөлттэй гарах төлөвтэй байна. Ийнхүү төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар 2019 онд төгрөгийн ханш сулрах дарамт харьцангуй бага байх ажээ.

Гэхдээ Засгийн газар 2020-2024 онд нийт 7.1 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад өрийг барагдуулна. Иймд макро эдийн засгийн цогц бодлого хэрэгжүүлж, экспортын орлогыг төрөлжүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх, дотоодын нөөцөөр хангах боломжтой импортыг бууруулахад чиглэсэн ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг энэ үеэр хөндөж байлаа.

 

Энэ онд инфляци 8 ХУВЬ байна

2018 оны эцэс болон 2019 оны эхний нэг сарын байдлаар инфляцид нөлөөлсөн гол нэр төрлийн гурван бүтээгдэхүүн байжээ. Үүнд, хатуу түлш, шатахуу, махны үнэ инфляцид түлхүү нөлөөлсөн байна.

Төв банкнаас 2019-2020 онд инфляцийг 8 хувийн орчимд тогтворжуулах зорилт тавиад байгаа аж. Цаашид инфляцид Эдийн засгийн сэргэлт /төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээ/, төгрөгийн ханшийн дамжих нөлөө, дэлхийн зах зээлийн нефтийн үнэ, цалингийн өсөлт, төрийн зохицуулалттай үнэ, цаг агаар болон бусад нийлүүлэлтийн хүчин зүйлс нөлөөлнө хэмээн үзэж байгаа юм байна.



“Валютын захын нөхцөл байдал, Төв банкны оролцоо” сэдвээр Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин танилцуулж байна.

Манай улсын валютын нөөц нийлүүлэлт талдаа цөөн тооны аж ахуйн нэгжээс хамааралтай бол эрэлт нь олон аж ахуйн нэгжээс хамааралтай байдаг. Өдөрт 61.6 сая америк долларын гүйлгээ хийдэг бөгөөд үүний 95 хувь нь арилжааны банкаар дамждаг гэдгийг тэрбээр хэлж байна. 

Валютын ханшийн хэлбэлзэл 2013, 2016 онд хамгийн өндөр байсан.