Хонконг, Макаог эх газарт ойртуулах төлөвлөгөө боловсруулжээ

БНХАУ-ын Төрийн Зөвлөлөөс Хонконг, Макаог өмнөд Хятадын хотуудтай холбож GBA (Greater Bay Arena) буюу Их Булангийн Бүс нэртэй эдийн засгийн цогц бүс үүсгэх төлөвлөгөө дэвшүүллээ.

Тус бүс нь Калифорнийн Цахиурын хөндий зэрэг нарийн технологийн мегаполисуудтай өрсөлдөх юм. Төрийн мэдээллийн Шиньхуа агентлагын даваа гарагт мэдээлсэн төлөвлөгөөг үзвэл, Засгийн газар тус бүсийг дэлхийн инновацын тэргүүлэх талбар болгон хувиргаж, том хот хоорондын дэд бүтцийн уялдааг сайжруулах зорилго тавьжээ. Мөн санхүү, тээвэр, худалдааны олон улсын төв болсон Хонконгийн одоогийн байр суурийг улам бэхжүүлэхийн зэрэгцээ оффшор юанийн бизнесийн төв болгох аж.

HSBC Holdings-ын тайлбараас үзвэл нийт 67 сая хүнтэй уг бүс нутаг нэг их наяд ам.долларын эдийн засаг болж хүчирхэгжин дэлхийн дөрөв дэх гол экспортлогч Японы урд орох ёстой. Нийгэм, хууль зүйн орчин, гаалийн тогтолцооны олон янзын байдал Их Булангийн Бүсийн материаллаг баялгийн чөлөөт урсгалд саад болж байгааг дээр дурдсан бүдүүвч төлөвлөгөөнд тайлбарлажээ.

Харин цаашдын нарийвчилсан төлөвлөгөөгөөр Хонконг, Макаогийн хөгжилд шинэ түлхэц өгөх дэлхийн түвшний хотуудын кластер үүсгэх аж. Удаан хүлээлгэсэн уг төлөвлөгөө нь хууль эрх зүй, мөнгө, улс төрийн тусдаа тогтолцоо бүхий Хонконгийг эх газартай интеграцчилсаар автономит эрхийг нь султгах аюултай хэмээн зарим хүмүүс түгшиж байна. Хотуудыг холбоход хэдийн олон тэрбум ам.доллар зарцуулсан БНХАУ эдүгээ бүс нутгийг 2035 он хүртэл хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд шилжлээ.

Харин цаашдын нарийвчилсан төлөвлөгөөгөөр Хонконг, Макаогийн хөгжилд шинэ түлхэц өгөх дэлхийн түвшний хотуудын кластер үүсгэх аж.

Хонконгийг Макао, эх газрын Жухай хоттой холбосон тэнгис дээгүүрх дэлхийн хамгийн урт 55 километр урт, 15 тэрбум ам.долларын өртөгтэй гүүрийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин жилийн өмнө нээсэн. Есдүгээр сард Хонконгийн Викториа Харбор дахь галт тэрэгний шинэ терминалыг эх газрын Хятадын 25 мянган километр өндөр хурдны төмөр замын сүлжээнд холбов. Эх газрын Хятадын терминал нутаг дэвсгэрт нь нэвтэрсэн явдлыг Хонконгийн ардчилсан идэвхтнүүд эсэргүүцсэн.

Эх газрын хууль сахиулах байгууллагын ажилтнууд Хонконгод үйл ажиллагаа явуулах нь Үндсэн хуулийн хориг зөрчсөн хэрэг хэмээн идэвхтнүүд үзсэн юм. БНХАУ-ын парламент төлөвлөгөө дэвшүүлсний дараа Хонконг өнгөрсөн зургадугаар сард зохих зохицуулалт үүсгэжээ. Бүдүүвч төлөвлөгөөнөөс үзвэл Их Булангийн Бүсийн гол том хотууд өөр өөр салбараар төрөлжсөн зангилаа цэгийн үүрэг гүйцэтгэх аж.

Хонконг олон улсын санхүү, тээвэр, худалдаанд төвлөрөх бол Макао олон улсын аялал жуулчлалын хот, Бразил зэрэг португалаар ярьдаг орнуудтай хийх худалдааны плафторм болно. Хуучны Кантон буюу одоогийн Гуанжоу засаг захиргааны зангилаа цэгийн үүрэг гүйцэтгэх ба Huawei компанийн төрөлх хот – Шэньжэнь эдийн засгийн онцгой бүс, нарийн технологийн зангилаа цэг болж өргөжнө.

Баримт бичгээс үзвэл БНХАУ-ын Засгийн газар Хонконг, Макаогийн банк, даатгалын компаниудыг дэмжиж Шэньжэнь, Гуанжоу зэрэг хотуудад салбараа нээхийг нь зөвшөөрөх юм. Эрх баригчид мөн Макаод юаниар тооцох үнэт цаасны зах зээл байгуулах боломжийг судалж байна.

Бээжингийн төлөвлөгөөний зарим зорилгыг дурдвал:

● Хонконг нь “Нэг бүс – нэг зам” санаачилгын санхүү, хөрөнгө оруулалтын платформ болно.
● Гуанжоу бүс нутгийн хувийн үнэт цаас, үл хөдлөх хөрөнгийн эрх, таваар арилжааны төв болно.
● Макаог португал хэлтэй улс орнуудтай юанийн гүйлгээ хийх төв болгоно.
● Их Булангийн Бүсийн компаниудад юаниар тооцсон гадаад бонд гаргах эрх олгоно.
● Санхүүгийн бүтээгдэхүүний нэр төрлийг баяжуулах үүднээс бүс нутгийн компани, иргэдийг хил дамнаж хөрөнгө оруулалт, юанийн гүйлгээ хийхийг дэмжинэ.