Угсармал орон сууцны дулаалгад зориулж 12.7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргахаар болжээ

“Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл”-ийг хэрэгжүүлэх ажил нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсноор хүлээх үүрэг, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагджээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан Даян дэлхий ногоон хөгжлийн байгууллагатай хамтран “Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх аж.

Нийслэлд 1965-2000 оны хооронд баригдсан 1,077 блок угсармал орон сууцны барилгын гадна ханын дулаалга хийх ажлын зураг төсвийг боловсруулсан

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Улсын Их хурлаас 2019 оны Барилга, Хот байгуулалтын сайдын багцанд тусгасан угсармал орон сууцны дулаалга, гадна фасад, дээвэр, цахилгаан шатны худалдан авах ажиллагааны эрхийг шижлүүлэх талаар БХБЯ-ны сайд Х.Баделхантай уулзаж санал солилцлоо. 

Сангийн яам болон УИХ-ын гишүүдтэй ярилцаж, ойлголцсоны үндсэн дээр Угсармал орон сууцны дулаалгын төсөв болох 12.7 тэрбум төгрөгийг УИХ-аар батлуулж улсын төсвөөс гаргахаар болсон. 

Өнгөрсөн хоёр жилд нийслэлд 1965-2000 оны хооронд баригдсан 1,077 блок угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийг хийх ажлын хүрээнд угсармал орон сууцны барилгуудад эрчим хүчний аудит, барилгын гадна ханын дулаалга хийх ажлын зураг төсвийг боловсруулсан” хэмээн ярилаа.

Мөн 5, 9, 12 давхар угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлын жишиг зураг төсөв боловсруулан Барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгэх, Дулаан техникийн шинэчлэл хийх санхүүгийн механизм техникийн эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах ажлуудыг олон улсын болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэжээ.