Ч.Хүрэлбаатар: ЖДҮХС, ТЭДС, Мал хамгаалах сан гэхчлэн гурван сангаас гурвуулангаас нь зээл авсан ААН ч байна

 

Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тусгай сангуудад хийсэн шалгалтын талаар танилцуулсан байна. Энэ хүрээнд уг асуудалтай холбогдуулан авах арга хэмжээг тогтоол ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар батлахаар болжээ. Засгийн газрын 27 сан байдгийн гурав нь зээл олгодог. Тиймээс энэ сангуудад нарийвчлан шалгалт хийжээ. Тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих санг урт хугацаанд шалгаж, нэлээд зөрчил илрүүлсан аж. Мөн Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээл, Авто замын зэрэг санд хийсэн шалгалтыг дүнг Засгийн газрын гишүүдэд Сангийн сайд танилцуулжээ. Ингээд эцсийн шийдвэрийг Засгийн газрын тогтоол хэлбэрээр гаргах нь зүйтэй гэдэгт гишүүд санал нэгдсэн байна.

ЖДҮХС, ТЭДС, Мал хамгаалах сан гээд зээл олгодог гурван сангаас гурвуулангаас нь зарим нь хоёр сангаас нь зээл авсан аж ахуйн нэгж байгаа аж. Энэ бүгд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгддэггүй учраас эргэн төлөлт муу. Тиймээс хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэх, үйл ажиллагааг сайжруулах чиглэлд авах арга хэмжээний тогтоол батлахаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

-Зээл олгодог гурван санд илэрсэн зөрчлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тариалан эрхлэлтийг дэмжих сан үүсэн байгуулагдсан цагаас 16 мянган ААН давхардсан тоогоор зээл авсан байна. Зээлийн мэдээллийн сан, шилэн дансанд бүртгэгддэгүй учраас зээлийн төлөлт муу. Үндсэндээ татвар төлөгчдийн мөнгийг буруу зарцуулах урьдач нөхцөл болж байжээ. Иймээс тусгайлан арга хэмжээ авахаар боллоо. Шалгалтын дүнг ил тод болгоно. Тэр үеэр хэнээс ч асуухгүйгээр та бүхэн мэдээлэл авах боломжтой. Эхлээд Засгийн газрын хуралдаанаар авах арга хэмжээний тогтоол батлуулах шаардлага байна.

-Засгийн газрын 27 сангаас заримыг нь татан буулгах та хэлж байсан. Энэ асуудлыг хэлэлцсэн үү?

-Зарим санг татан буулгах саналаа танилцуулсан. Засгийн газрын дараагийн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийднэ. Тэр үеэр ямар санг татан буулгах талаар тодорхой болно. Сангийн яам зээл олгосон сангуудаа анхаарч шалгасан. Бусад санг төрийн сангаас гүйлгээг нь аваад үзэх боломжтой. Гол зөрчил нь зээл олгодог санд байгаа юм. Санг бүрдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг зориулалтын бусаар зарцуулах явдал байна.

-Зээлийн мэдээллийг ил тод болгоно гэлээ. Хэзээнээс ил болгох вэ?

-Хэлэлцээд эцсийн шийд гарахаар нарийн мэдээлэл өгнө. Засгийн газрын тогтоолоор зээл олголтыг ил тод нээлттэй болгоно. Тухайн үйл ажиллагааны мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулах талаар ярьж байна. Энэ гэхдээ батлагдаагүй тогтоол төдий хэлбэрт байгаа.