Шинэчилсэн найруулгад эрсдэлгүй татвар төлөгчийг шалгахгүй байхаар тусгажээ

Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хуулийн төслийг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 24-ний хооронд нийт улсын хэмжээнд 39 удаа хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. 

Шинэчилсэн найруулгаар "Татварын ерөнхий хууль", "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль", "Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд" өөрчлөлт оруулах бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд 29 хуульд нэмэлт өөрчлөлт орох юм байна. 

Шинэ хуулийн орчинд программ хангамжийг хөгжүүлэн нэвтрүүлж, цахим татварын алба болох бөгөөд Татварын удирлагын нэгдсэн системийг хөгжүүлж, нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээллээ. 

Бүртгэлийн тухайд ТУНС-ийг нэвтрүүлэн төрийн мэдээлэл солилцооны ХУР системтэй холбон ажиллах бөгөөд иргэний цэнхэр дэвтэр цахим болж, татварын албанд өөрийн биеэр очих шаардлагагүй, цахим хувийн хэрэг үүсэх юм байна. 

Мөн бичил сегмент буюу жилд 50 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой бол жилд нэг удаа сонголтын дагуу хялбаршуулсан горимоор тайлан гаргах, жижиг, дунд ААН-ийн тайлан тушаах тоо цөөрөх юм байна. 

Түүнээс гадна тайланд зөвлөмж өгч, засах боломж олгох, эхэлж буцаан олголт хийх шинэ тогтолцоог нэвтрүүлж, гадаад улсад төлсөн татварын төлөх татвараас хасах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ. 

ТУНС-ын эрсдэл тооцох шалгуурын дагуу үнэлгээ явуулж, хяналт шалгалт явуулах эрсдэлтэй эсэхийг тогтоох бөгөөд эрсдэлгүй татвар төлөгчийг шалгахгүй байхаар тусгасан талаар хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.