Фэйсбүүкт олон тэрбум ам.долларын торгууль оногдож магадгүй

“Cambridge Analytic байгууллагад 87 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг өгсөнтэй холбогдуулан АНУ-ын Худалдааны комисс Фэйсбүүкт олон тэрбум ам.долларын торгууль оногдуулахаар ажиллаж байна” хэмээн Washington Post сайт мэдээлжээ.

Одоогоор хоёр тал торгуулийн дүн дээр тохиролцоогүй байгаа гэнэ. Фэйсбүүк 2018 оны 4-р улиралд 16.9 тэрбум ам.долларын орлого олж, 6.9 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан билээ.

Энэхүү торгууль Фэйсбүүк 87 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг гуравдагч талтай хуваалцсан нь 2011 онд АНУ-ын Худалдааны комисстой хийж байсан зөвшилцлөө зөрчсөн эсэх дээр үндэслэх ажээ. Уг торгууль Фэйсбүүкийн бизнесийн загварт өөрчлөлт оруулах магадлалтай.

Фэйсбүүкийн зүгээс Washington Post-ын мэдэгдэлд шууд хариулахаас татгалзан “Бид Худалдааны комисстой хамтран ажилласаар байна” хэмээжээ.

Худалдааны комисс хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдалтай холбоотойгоор хамгийн өндөр дүнтэй торгуулийг 2012 онд Гүүглд оногдуулж байсан. Тус торгуулийн дүн нь 22.5 сая ам.доллар байсан билээ. Хэрэв Фэйсбүүкт тэрбум ам.доллароор хэмжигдэх торгууль оногдуулбал энэ нь технологийн компанид оногдуулж буй хамгийн өндөр дүнтэй торгууль болох юм.

Эх сурвалж: The Guardian

Шинэ мэдээ