Үйл явдлын тойм мэдээ

“Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтийг томилжээ

“Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтыг томилжээ. Уг албан тушаалд ажиллаж байсан Б.Мөнхбаатар БХБ-ын дэд сайдаар томилогдсон билээ. 

Ц.Түмэнцогт 2016 оны есдүгээр сараас хойш “Эрдэнэс монгол” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2018 оны 6 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдоод байсан юм.

Тэрбээр 2011-2016 онд Монгол дахь “Женерал электрик”-ийн Гүйцэтгэх захирал, Эрчим хүчний Сайдын Зөвлөх, Эрчим хүч зохицуулалтын комиссийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байв. 



Засгийн газрын өнөөдрийн /2019.02.13/-ийн хуралдаанаар Соёлын биет бус өв, чулууны өвийн талаар үндэсний хөтөлбөр батлагдлаа. Хөтөлбөр нь манай улсын уугуул иргэд, авьяас билэгтнүүд, нийт монгол туургатныг дэмжих, язгуур соёлоо хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, монгол үндэстний соёлын дархлааг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэж үзжээ. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр болсон байна.

Өнөөдрийн байдлаар “Монгол Улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл”-д 80 өвийн төрөл зүйл, “Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д 16 өвийн зүйлийг бүртгэж батлаад байна. Манай улсад 8000 гаруй хүн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчаар бүртгэгдсэн.  Соёлын биет бус өвийн 60 хувь нь ардын язгуур уламжлалт урлаг, 23 нь гар урлал, 11 нь эх хэл, аман уламжлал, дөрөв нь үндэсний уламжлалт баяр ёслол, зан үйл, хоёр нь байгаль ертөнц, цаг улиралтай холбоотой ардын амьдрал, ахуйн уламжлалт мэдлэг, арга ухааны ангилалд хамаарч байна. 

Р.Т.Эрдоган Ф.Гюлентэй холбоотой хэргээр иргэдээ бөөнөөр нь баривчилж эхэллээ

Турк улсад өчигдрөөс олныг хамарсан баривчилгаа явагдаж эхэлжээ. Баривчилгаанд өртөж байгаа хүмүүс нь 2016 оны төрийн эргэлтийг зохион байгуулсан гэгдэж буй Ф.Гюлентэй холбоотой хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган нийт 1112 хүнийг баривчлах тушаал гаргасан хэмээн хэвлэлд бичсэн байна.

Цэргийнхний оролцоотой хийхийг завдсан гэх 2016 оны төрийн эргэлтээс хойших 2.5 жилийн хугацаанд Туркийн төр засаг ард иргэдээ дарангуйлж, огтхон ч амсхийлгэсэнгүй. 2016 оны бүтэлгүй болсон төрийн эргэлтийн үеэр 250 гаруй хүн амь эрсэдсэн бөгөөд Туркийн төр 1999 онд сайн дураар АНУ руу гарч яваад Пенсильвани муж улсад амьдарч буй зохиолч Фетхулла Гюленийг хэргийн буруутнаар зарласан юм. 

Энэ удаагийн баривчилгаа цагдаагийн албаныхныг хамарч байгаа гэсэн мэдээллийг “Анадолу” агентлаг цацсан.Одоогоор 76 мужид баривчилгаа явуулж 124 хүнийг баривчилсан гэж уг мэдээлэлд дурдсан. Гэхдээ дээрх хүмүүс цагдаагийн байгууллагад ажилладаг эсэхийг одоогоор ил зарлаагүй байгаа юм.

Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу өнгөрсөн ням гаригт мэдэгдэл хийж, Ф.Гюлений хамсаатнууд том ажиллагаа явуулахаар бэлтгэж байгааг олж мэдсэн талаар өгүүлсэн. Тэрхүү мэдэгдэлдээ “чөтгөрүүд санасандаа хүрч чадахгүй, бид тэднийг барина” хэмээн онцолж байсан юм.

Эрх баригчдын мэдэгдэж байгаагаар бол энэ удаагийн бөөнөөр баривчлах ажиллагаагаар Ф.Гюлений талынхны 2010 оноос хойш төрийн албаны дотор байгуулж ирсэн сүлжээг нурааж байгаа бөгөөд энэхүү сүлжээ нь өнгөрсөн хугацаанд өөрийн дүрмээр тоглож, шалгалт шүүлэг, төрийн бусад үйлчилгээг өөрсдийн үзэмжээр явуулан улс доторх улс болтлоо хүчирхэгжсэн байсан гэж байгаа юм. Гэвч барууны орнуудын зүгээс Туркийн эрх баригчдын энэ үйлдлийг эрс буруушааж байна. Харин Туркийн эрх баригчид энэ үйлдлээ үндэсний аюулгүй байдлаа хангах зорилготой хэмээн зөвтгөж байгаа юм.  

2016 оны долдугаар сараас хойш Туркт 77 000 мянган хүн шоронд оржээ. Эрх баригчид 150 000 төрийн болон цэргийн албан хаагчийг ажлаас нь халсан байна. Батлан хамгаалахын сайд Хулуси Акарын мэдэгдсэнээр, энэ хугацаанд цэргийн 15 000 алба хаагчийг халсны 150 нь генерал адмиралууд байсан аж. Мөн эрх баригчид Ф.Гюлентэй холбоотой гэж үзсэн олон пүүс компанийг хүчээр төрийн мэдэлд авч, 130 гаруй хэвлэл мэдээллийг байгууллагыг хаажээ.

Анкара өнгөрсөн хугацаанд Ф.Гюлений дэмжигчдийг хилийн чанадад өргөн хүрээтэйгээр эрэн сурвалжилж, АНУ, Европ, Азийн олон оронд суугаа иргэдээ мөрдөн мөшгөсөн хэвээр байгаа юм. 

БНСУ-ын Цагдаагийн ерөнхий газраас Ерөнхийлөгч асан Жон Ду Хуан, Ну Тэ Ү, Ким Ёнг Сам нарын харуул, хамгаалалтын албыг энэ ондоо багтаж татан буулгахаар болжээ.

   Ерөнхийлөгч асан Жон Ду Хуан, Ну Тэ Ү нарын гэрүүд ойролцоо байрладаг бөгөөд харуул хамгаалалтын албаны 60-70 ажилтан хамтран ажилладаг байна. Харин Ерөнхийлөгч асан Ким Ёнг Самын гэрт 50 ажилтан 24 цагийн турш ажилладаг аж. Харуул хамгаалалтын албыг татан буулгаж байгаа ч гэр тус бүр дээр тав таван ажилтанг постын харуулаар үлдээх юм байна.

   БНСУ-ын “Ерөнхийлөгчийн тусгай хамгаалалтын тухай” хуульд “Ерөнхийлөгч албан тушаалаасаа буусны дараа 10 жилийн хугацаанд хамгаалалт авах эрхтэй бөгөөд өөрөө болон түүний гэр бүлийн зүгээс хамгаалалт шаардлагатай гэж үзвэл 5 жилээр сунгаж болно” гэж заасан байдаг байна. 



АНУ-ын нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг умард туйлын хүйтэн агаарын урсгал нөмөрснөөр энэ жил тус улсын түүхэнд тохиогоогүй хүйтэн өвөл болж aайгаа юм. Ялангуяа Висконсин, Иллинойс, Мичиган зэрэг мужуудад цас их орж, -50 хэм хүртэл цочир хүйтэрч буй бөгөөд хүйтний улмаас хорь гаруй хүн нас баржээ.

Умардын хүйтэн агаарын урсгалын АНУ-д авчирсан бас нэг хачирхалтай зүйл нь далайн эргийн наран шарлагын газар, халуун дулаан уур амьсгалаар төсөөлөгддөг Хавай мужийн зарим газруудад цас орсон явдал болов. Тухайлбал, өнгөрсөн Даваа гаригт /2019.02.11/ Хавайн Мауй арал дээрх аялал жуулчлалын бүсэд түүхэндээ анх удаа цас орсон байна. Хавайд цас орох нь маш ховор байдаг учраас цас орсон гэх сургаар Мауй арал болон бусад цас орсон газруудыг олон хүн ирж сонирхсоноор замын түгжрэл хүртэл үүсчээ.

Хавай мужид 1902.02.16-нд агаарын хэм +11 Цельсийн хэм хүрсэн нь тус мужийн түүхэнд бичигдсэн хамгийн хүйтэн цаг агаар юм. Тус мужийн Кеа, Лоа зэрэг хамгийн өндөрлөг уулсын орой л өвлийн улиралд цасаар бүрхэгдсэн байх нь харагддагаас биш сүүлийн хэдэн жилийн хугацаанд нам дор газар цас орсон нь огт үгүй аж. Хавайд зуны улиралд агаарын хэм +29-өөс +32 байдаг бол өвлийн улиралд +26-аас +28 хэмийн дулаан байдаг.

Түүнчлэн сүүлийн 15 жил цас ороогүй Калифорни муж улсын Хумболдтод өнгөрсөн долоо хоногт цас орсон байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ жил умардын хүйтэн агаарын урсгал АНУ-ыг дайрч байгаа аж. Харин зарим хүмүүс дэлхийн дулаарал явагдаж байхад өвлийн улирал яагаад илүү хүйтэн болж байгааг гайхдаг. Дэлхийн дулаарлын улмаас өвлийн улирал дулаан болдоггүй, харин ч зундаа хэт халж, өвөл нь эрс хүйтэрдэг ажээ.  Тухайлбал, АНУ-д цасан шуурга шуурч, -50 хэм хүртэл хүйтэрч байхад Австрали улсад түүхэнд байгаагүй халуун болж, агаарын хэм +40 хэм хүрч буй юм.

Шинэ мэдээ