3000 гаруй жижиг бизнес эрхлэгчдэд 34 тэрбум төгрөгийн зээл гаргахаар төлөвлөжээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн (2019.01.29) хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн мэдээллийг сонслоо. Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Салбарын сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг хөнгөлөх талаар авсан арга хэмжээг тодруулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа зээлийн хэмжээ, энэ зээлд хамруулах иргэдийн тоог  нэмэх эсэхийг тодрууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, "Өмнөх Засгийн газрын үед ахмад настны тэтгэврийн 6 сар хүртэлх зээлийн хүү 18 хувь байсныг 15 хувь болгож бууруулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоны дараа тэрхүү зээлийн  хугацааг нэг жил болгож, хүүг 12 хувь болгосон.

Энэ сарын 16-наас  эхлэн жилийн хугацаатай зээлийн хүүг 10  хувь болгосныг онцлохын зэрэгцээ цаашдаа ахмад настны тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгааг дурдаад  өнгөрсөн гурван жилийн дунджаар ахмад настны тэтгэвэр 75 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж байлаа.

Мөн тэрбээр, Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас  жижиг аж ахуйн нэгжид 20 хүртэлх сая төгрөг, иргэнд 10 сая төгрөгийг, ур чадварт түшиглэсэн ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд 3-5 сая төгрөгийг бичил бизнес эрхлэгчдэд 3 жилийн хугацаатай, хүүгүй, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг гэсэн юм. Үүнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгтэй гишүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлэв.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хувиараа хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчдэд жижиг зээл олгох, мөн 100 хувийн эргэн төлөх нөхцөлтэй, хүүгүй, санхүүгийн дэмжлэг олгодог. Энэ онд 3000 гаруй жижиг бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг хамруулан Хаан, Голомт, Төрийн банкаар дамжуулан 34 тэрбум төгрөгийн зээл гаргахаар төлөвлөжээ.

100 хувийн эргэн төлөх нөхцөлтэй, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг 35-аас дээш насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчин өрх зэрэг зорилтод бүлгийн 3000 гаруй хүмүүсийг хамруулан, 19 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгох юм байна.

 

Шинэ мэдээ