Хөдөө аж ахуйн биржийн арилжаа 2018 онд 20 гаруй хувиар өсчээ

Хөдөө аж ахуйн бирж 2018 онд нийт 157 арилжаа зохион байгуулж, 711.4 тэрбум төгрөгийн түүхий эд арилжсан нь өмнөх оноос 20 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мөн нийт арилжааны дүн 700 тэрбум төгрөг давж, бирж байгуулагдсанаас хойших хамгийн өндөр дүнтэй арилжаанд тооцогджээ. Нийт арилжааны үнийн дүнгийн 83.1 хувийг ямааны ноолуур, 8.4 хувийг завод ноос, 7.9 хувийг хонины ноос бүрдүүлсэн бол үлдсэн хувийг тэмээний ноос болон бодын хөөврийн арилжаа эзэлжээ.

Түүхий эдүүдийн үнэ 2018 онд харгалзан 30-70 хүртэлх хувиар өссөн нь арилжааны дүн нэмэгдэхэд нөлөөлсөн гэж Хөдөө аж ахуйн биржээс мэдээлж байсан юм. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн барааны үнийн индекс буюу MAPIX индекс 2018 онд 49.8 хувиар өсөж, 860 мянган нэгжийг давсан нь түүхий эдүүдийн ханш ямар байгааг илтгэж байгаа аж.

2018 оны эцсийн байдлаар нийт 12 брокерын компани хөдөө аж ахуй, түүхий эдийн арилжаанд оролцож байжээ. Цаашид малчид ноолуурын чанартаа илүү анхаарч дотоодын үйлдвэрлэгчдэдээ нийлүүлэх, мөн боловсруулж, нэмүү өртөг шингээж экспортлох шаардлагатай байгааг салбарынхан онцолсон юм.

Энэ онд Хөдөө аж ахуйн бирж мал, мах, арьс шир худалдах, худалдан авах талуудын захиалгын дагуу форвард арилжаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Шинэ мэдээ