АНУ "Huawei” компанийг 23 хэрэгт буруутган, ял тулгаж байна

АНУ-ын Хууль зүйн яамнаас өчигдөр Хятадын технологийн томоохон компани болох “Huawei” мөн түүний санхүү хариуцсан захирал Мэн Ванжоутай хариуцлага тооцож, ял оноохоор болсон тухайгаа мэдээллээ. 

"Huawei” компанийг олон улсын банкнуудыг хуурч мэхэлсэн, мөнгө угаасан, технологи хулгайлсан, хориг арга хэмжээг зөрчсөн зэрэг 23 хэрэгт буруутган, ял тулгаж байгаа юм байна.

Энэ талаар АНУ-ын Худалдааны сайд “Хятадын компаниуд олон жилийн турш АНУ-ын худалдааны хууль болон хориг арга хэмжээнүүдийг зөрчсөөр ирсэн, АНУ-ын санхүүгийн системийг ашиглаж хууль бус үйл ажиллагаануудаа явуулдаг. Одооноос энэ бүхэнд цэг тавих ёстой” хэмээн хэлжээ.

Жилдээ 7,5 тэрбум ам.долларын цэвэр ашигтай “Huawei” компани сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа. Тухайлбал тус компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ванжоу АНУ-ын Ираны эсрэг хориг арга хэмжээг зөрчсөн хэргээр Канад улсад баривчлагдсан, мөн “Huawei”-ийн гар утаснууд хэрэглэгчдийнхээ мэдээллийг тагнаж Хятадын Засгийн газарт мэдээллэдэг гэх шуугиан дэгдсэн.

Мэн Ванжоуг 2018 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Канадын Ванкувер хотын нисэх буудал дээрээс АНУ-ын хүсэлтээр Канадын тал баривчилсан билээ. Түүнийг Ираны террористуудыг санхүүжүүлдэг ХонгКонгийн “Skycom Tech” компанитай нягт холбоотой хэмээн үзэж байгаа юм.  “Huawei” нь “Skycom Tech”-ийн гараар могой бариулж, Иран улсад 100 сая гаруй ам.долларын тоног төхөөрөмж, технологи нийлүүлсэн, энэхүү наймааг хийхдээ олон улсын банкуудыг хуурч мэхэлсэн хэрэгт Мэн Ванжоуг буруутгаж байгаа аж.

Ираны 2015 оны цөмийн хэлэлцээрийн дагуу барууны улс орнууд Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдээ цуцлаад байсан ч Д.Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа тус хэлэлцээрээс гарч, Ираны эсрэг авсан хориг арга хэмжээнүүдээ дахин сэргээгээд байгаа юм.

Үүнээс гадна “Huawei” нь АНУ-ын T-Mobile компаниас технологийн хулгай хийсэн нь 2017 онд илэрч байв. Тус компани нь гар утасны чанар шалгагч роботын технологийг “T-mobile”-аас хулгайлахын тулд олон жилийг зарцуулсан гэнэ. Түүгээр ч барахгүй энэхүү роботтой холбоотой нууц мэдээллүүдийг олж ирсэн ажилчдадаа урамшуулал олгодог байжээ. “Huawei”-ийн нэгэн ажилтан “T-mobile”-ийн тус роботыг хулгайлж байгаад баригдсанаар энэхүү хэрэг илэрсэн аж.

“Huawei” компанийн үйлдсэн зарим хэргүүд нь Үндэсний аюулгүй байдалд ч ноцтой аюул учруулахуйц байна хэмээн АНУ-ын прокурорууд үзэж байгаа бол Холбооны мөрдөх товчоо АНУ-ын эдийн засгийн аюулгүй байдалд халдсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Канадад баривчлагдсан Мэн Ванжоуг одоогоор батлан даалтаар гаргаад байгаа бөгөөд АНУ түүнийг шилжүүлэн авах хүсэлтэй байгаа гэнэ.

Эх сурвалж:Yonhap news

Шинэ мэдээ