2018 онд нийслэлд 6,141 хүн шилжин ирж 7,100 хүн шилжин явжээ

Өнөөдөр хуралдсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хурал дээр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын  асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан орчны бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлуудыг танилцууллаа.

Танилцуулгад “Нийслэлийн шилжилт хөдөлгөөний статистикийн дүнгээр 2017-2018 онд анх удаа Улаанбаатар хотоос шилжин явсан хүмүүсийн тоо ирсэн хүний тооноос давсан байна. Тодруулбал нийслэлээс 7100 хүн орон нутаг руу шилжин явсан бол 6141 хүн хотод суурьшихаар ирсэн байна.

Агаарын бохирдлын эх үүсвэрийг тодорхойлоход 80 хувийг гэр хорооллын яндангийн утаа бүрдүүлдэг. Гэр хороололд нийт 201 474 өрх байгаагаас 196 мянган өрх 2742 халаалтын зуух ба энгийн зуух хэрэглэж, жилд 1 сая тонн нүүрс шатаадаг байна. Мөн 4 цахилгаан станц жилд 5,1 сая тонн нүүрс түлдэг.  500 мянга гаруй тээврийн хэрэгслийн 74 хувь нь арваас дээш жилийн насжилттай.

Агаарын чанар сайжруулах бүсэд 138 хороо байна. Үүнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид хариуцаж ажиллана. Төвийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш борлуулах 530 гаруй цэг нэмж, нийтдээ 700 гаруй цэг ажиллана. Мөн түүхий нүүрсийг далд зарах эрсдэл байгаа тул давхар хяналтын цэг ажиллана.

Халаалтын зуухны нүүрсний хэрэглээ өрхийнхөөс хэд дахин өндөр. Тиймээс энэ асуудлыг шийдэх гаргалгаа хэрэгтэй. Байгалийн хийг автобуст туршсан ч бид байгалийн хий олборлодоггүй учраас өндөр өртөгтэй” гэсэн юм.  

Нийслэлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга н.Өлзийбаяр: Гэр хорооллын хөгжлийн сангийн төслийн хүрээнд 108 өрхийг орон сууцанд оруулах болсон. Үүний улмаас 5,8 га газар нийслэлийн мэдэлд ирсэн. Гэвч 100 гаруй өрх газраа хямд зарахгүй гэж гомдол гаргасан бөгөөд гомдлыг барагдуулахын тулд 53 өрхийг дэд бүтэцтэй нь ойр газарт суурьшуулсан” ярилаа.