Дэлхийн хамгийн том шилжилт хөдөлгөөн Хятадад болж байна

Хятад иргэд Цагаан сарын баяраа гэр бүлийн хамт тэмдэглэхээр 40 хоногийн хугацаанд сая саяараа орон нутаг, хотуудын хооронд нүүдэллэдэг билээ. Ийнхүү дэлхий дээрх хамгийн том шилжилт хөдөлгөөн Хятадад болж байна. Энэ жилийн Цагаан сар хоёрдугаар сарын 5-нд тохиож байгаа юм.

Хятадын Тээврийн албаны мэдээлснээр “Энэ жилийн баярыг тохиолдуулан нэгдүгээр сарын 21-нээс гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл давхардсан тоогоор гурван тэрбум орчимзорчигч хотуудын хооронд явах төлөвтэй байна” гэсэн юм. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 0.6 хувиар өссөн үзүүлэлт аж.

Тус гурван тэрбум зорчигчийн 2.46 тэрбум нь автомашинаар, 413 сая хүн галт тэргээр, 73 сая иргэн нисэх онгоцоор зорчино хэмээн таамаглаж байна.

Цагаан сарын их нүүдлийн 40 хоногийн хугацаанд олон иргэн аялаж байгаа тул дэд бүтцийн асуудал яригдах нь тодорхой. Энэ үед тээврийн ачаалал эрс нэмэгддэг ч тэд бэлтгэлээ сайн хангажээ.

Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр 10 шинэ галт тэрэгний зам нэмж ашиглалтад оруулан, төмөр замаа 29 мянган км болгон уртасгасан байна. Ийнхүү Хятад улс дэлхийн хамгийн урт буюу 29 мянган км хурдны төмөр замтай болсон.

Энэ жил 4,787 галт тэрэг иргэдэд үйлчлэхээс 3,353 нь хурдны галт тэрэг байх юм.

Түүнчлэн ачааллыг бууруулахын тулд галт тэрэгний буудлууд дээр тасалбаргүй зорчигчдын царайг таних дэвшилтэт технологийг үйлчилгээнд нэвтрүүлжээ. Мөн баярын үеэр тус улсын хамгийн гол нисэх онгоцны буудлууд болох Шанхай, Гуанжоу, Шэнжэн, Чэнду, Кунмины нисэх онгоцны буудлууд 24 цагийн турш ажиллах юм.

Хятадын билет захиалгын томоохон компани "Ctrip"-ийн мэдээлснээр баярын үеэр долоон сая гаруй иргэн гадаадын 90 гаруй орон руу зорчихоор урьдчилсан байдлаар захиалга өгчээ.

Эх сурвалж: CNN

Шинэ мэдээ