2018 онд махны экспортын орлого 146.5 сая ам.долларт хүрч өслөө

Мал аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувь, экспортын орлогын 8.4 хувийг бүрдүүлж байна. Энэ салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл жилээс жилд өсөж, 2017 онд 3.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.9 хувиар нэмэгджээ.

2018 оны жилийн эцсийн мэдээгээр мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 54.7 мянган тоннд хүрч, махны экспортын хэмжээ өмнөх оны түвшнээс даруй 1.9 дахин нэмэгджээ. Махны экспортын орлого 146.5 сая ам.долларт хүрч өсчээ.  

Монгол Улсын Засгийн газар мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, дотоод нөөц бололцоогоор эдийн засгийн өсөлт бий болгох, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх бодлого барьж байна хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-д мэдээлэл хийв.

Мал сүрэг хэдийгээр өсч байгаа ч бэлчээрийн даац хэтэрсэн, малын төрөл хоорондын харьцаа алдагдсан, малын чанар муудсан, малаас хүнд дамжин халдварладаг зарим өвчний тархварын байдал өргөжин хүн, малын өвчлөл нэмэгдэх хандлагатай болсон, малын гоц халдварт өвчин шинээр болон дахин сэргэж байгаатай уялдан мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нөхцөл хязгаарлагдмал зэрэг асуудлууд тулгамдаад буйг мэдээллийн үеэр дурдав.