Шинэ ХК-иуд ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ олгоно

IPO гаргаж олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөө үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд ашигласан компаниуд ногдол ашиг тараана гэдгээ мэдэгдээд байна. IPO гаргасныхаа үр өгөөжийг нь хүртэж байгаа учраас хувьцаа эзэмшигчдэдээ 2018 оны ашгийн тодорхой хувиа өгөх нь зөв гэж “Айтүүлс”, “ЛэндМН” компаниудын удирдлагууд үзэж байгаа ажээ. Хувьцаат компаниудын санхүүгийн тайлан эцсийн байдлаар аудитаар баталгаажсаны дараа ашгийн хэдэн хувийг ногдол ашиг болгон тараахаа хурлаар шийдвэрлэх юм байна.

“Айтүүлс” компанийн хувьд 2017 оны 11 дүгээр сард IPO гаргаж, олон нийтээс 1.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн юм. Үүний дараа хувьцааны ханш нь хоёр долоо хоногийн хугацаанд 2.5 дахин өсөж, 250 төгрөгт хүрч байв. Тус компани нэгдүгээр сарын 25-нд санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцуулна. Харин “ЛэндМН” компани 2018 оны гуравдугаар сард IPO гаргаж, таван тэрбум төгрөгийн санхүүжилт татсан юм. Урьдчилсан байдлаар тус компани 2018 онд 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тооцоо гарч байгаагаа мэдээллээ.

Шинэ мэдээ