Төгрөгийн ханш, зээлийн хүү, татварын тогтолцоо бизнест хамгийн их саад болдог

 

Монголбанкнаас хийсэн Бизнесийн хүлээлтийн түүвэр судалгаагаар Эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлын хүлээгдэж буй өөрчлөлт байгууллагын үйл ажиллагаанд "Сайнаар нөлөөлнө" гэж аж ахуйн нэгжүүдийн 38.4 хувь нь үзсэн байна. Харин 35.6 хувь нь "Нөлөө үзүүлэхгүй", 24.4 хувь нь "Муугаар нөлөөлнө" гэсэн хүлээлттэй байгаа ажээ. 2018 оны III улирлын байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрсэн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлж байсан юм. Харин аж ахуйн нэгжүүд гадаад валютын ханшийн тогтворгүй байдал, татварын тогтолцоо, зээлийн хүү, шимтгэл, хураамж гэсэн үзүүлэлт бизнест хамгийн их саад болж байна гэж хариулсан нь анхаарал татаж байгаа ажээ. Он гарснаас хойш төгрөгийн ам.доллартой харьцах ханш 0.7 хувь буюу 18 төгрөгөөр сулраад байна. Харин зээлийн хүүгийн түвшин сүүлийн нэг жилд хоёр нэгж хувиар буураад байгаа юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 12 дугаар сард гаргасан мэдэгдэлдээ "Сүүлийн сар гаруй хугацаанд бий болсон төгрөгийн ханшийн савлагаа нь нүүрсний экспорт саатсан, улс төрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй тодорхой бус байдал нэмэгдэж, итгэл суларсантай холбоотой" гэж мэдэгдэж байв. Харин Сангийн сайд урт хугацаанд экспортоо нэмэгдүүлэхэд анхаарна гэж мэдэгдсэн юм. Аж үйлдвэр, худалдаа, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүд төгрөгийн ам.доллартой харьцах ханшид илүү мэдрэг байдаг бол хөдөө аж ахуй, барилгын салбарын аж ахуйн нэгжүүд зээлийн хүүгийн түвшний өөрчлөлтөд илүү мэдрэг байдаг гэж судалгааны дүгнэлтэд дурджээ. Дотоод орчны үзүүлэлтийн хүлээлтийг харвал аж ахуйн нэгжүүдийн 56 хувь нь борлуулалтын орлогыг сайжирна гэсэн хүлээлттэй байгаа юм байна. Байгууллагын санхүүгийн чадавхыг сайжирна гэж аж ахуйн нэгжүүдийн 48 хувь нь хүлээж байгаа ажээ.