2018 оны турш сар бүр 85-220 сая ам.долларын ГШХО Монгол улсад орж иржээ

2018 оны 11 дүгээр сарын байдлаар Монгол Улсад 1.5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 306 сая ам.доллароор өссөн үзүүлэлт юм. 2018 оны турш сар бүр 85-220 орчим сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монгол Улсад орж ирснийг төлбөрийн тэнцлийн тайлангаас харж болохоор байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг “Оюу Толгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт эзэлж байна. 2019 онд онд “Оюу Толгой” төсөлд 1.3 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэх тооцоог Сангийн яам хийжээ. 2016 онд -400 сая ам.доллар хүрч буураад байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилд нэг тэрбум ам.доллар даваад байгаа юм. Харин урт хугацаанд нь харвал 2011, 2012 онд буюу гадаадын шууд хөрөнгө оруулалтын оргил үед 4.5 тэрбум ам.доллар хүрч байжээ.

2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчин сайжирсан гэж эдийн засагч Ж.Дэлгэрсайхан үзэж байна. Хэдий тийм боловч улс төр, бодлогын тогтворгүй байдал хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгаа гэж харж байгаа юм. Мөн дэлхийн эдийн засагт эрсдэл үүссэнтэй холбоотой хөгжиж буй орнуудаас хөрөнгө гадагшлах нь сорилт болно гэж зарим шинжээчид анхааруулж байна.

Шинэ мэдээ