"FINANCE FORUM 2018"-аар ирэх оны эдийн засгийн гол эрсдэлийг тодорхойлов

 

Ирэх онд төсвийн зардал, хөрөнгө оруулалт тэлж байгаа нь мөнгөний бодлогын орон зайг хумьж, улмаар чангаруулах нөлөөтэй гэж “Finance Forum 2018”-д оролцсон эдийн засагчид онцоллоо. Тухайлбал, Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай төсвийн хөрөнгө оруулалт импортыг өдөөх хандлагатай байгааг дурдаж байсан юм. Энэ оны эхнээс харвал импорт дунджаар 40 орчим хувийн өсөлттэй байна. Эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэгийн илтгэлд урсгал дансны алдагдал өсөх төлөвтэй байгааг анхааруулж байлаа. Урсгал дансны алдагдал 1.3 тэрбум ам.доллар хүрсний 300 сая ам.доллар нь тээврийн үйлчилгээний зардал байгаа учраас Засгийн газраас төмөр зам зэрэг томоохон бүтээн байгуулалт хийх нь төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулна гэж Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эдийн засагч Б.Түвшинтөгс үзэж байна.

11 дүгээр сарын байдлаар төлбөрийн тэнцэл 51 сая ам.долларын алдагдалтай байгаа юм. Төлбөрийн тэнцлийн алдагдал буурсан ч урсгал дансны алдагдал өндөр хэвээр байгааг Олон Улсын Валютын Сан, Азийн Хөгжлийн банк зэрэг байгууллагууд анхааруулж байна 11 дүгээр сарын байдлаар Төв банк бодлогын хүүг нэг нэгж хувиар чангалж, 11 хувьд хүргэсэн юм. Мөн инфляци 11 дүгээр сарын дүнгээр улсын хэмжээнд 8.1 хувь болж өсөөд байна. Ирэх онд бизнесийн орчинд ханшийн эрсдэл өндөр байна гэж “Finance Forum 2018”-д оролцсон зарим бизнесийн төлөөлөл хэллээ. Монголбанкны мэдээлснээр төгрөгийн ханш энэ онд ам.долларын эсрэг харьцангуй тогтвортой байсан ч сүүлийн саруудад суларсаар оны эцэст нийт 8.3 хувиар сулраад байгаа гэж онцлов. Үүнийг дагаад компаниудын долларжилт нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Ам.долларын эрэлт өсөхөд дотоод хүчин зүйлээс гадна АНУ-ын Төв банкны бодлого чангарсан нь нөлөөлсөн гэдгийг хэлж байлаа. Ирэх онд төсөв талаас хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, Төв банк талаас хүлээлтийг зөв удирдах ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж Дэлхийн банк онцоллоо. Монголбанк ирэх онд хэрэглээний зээлийг бууруулах макро зохистой бодлогын арга хэмжээнүүдээ хэрэгжүүлж эхэлнэ. Мөн ханшийн эрсдэлээс сэргийлэхийн тулд валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь хүргэж өсгөхөөр шийдвэрлээд байна.

Шинэ мэдээ