Монгол Улсын борлуулалтын менежерүүдийн индекс эргэн өсөв

Монгол Улсын Борлуулалтын менежерүүдийн индекс 12 дугаар сард эргэн өсөж, 53.1 нэгжид хүрсэн гэж “World Economics” байгууллага мэдээллээ. Үүнээс өмнө сүүлийн хагас жилийн хугацаанд буюу энэ оны тавдугаар сараас хойш энэхүү индекс буурах хандлага үргэлжилсэн юм. Сүүлийн хоёр сар Монгол Улсын бизнесийн итгэлийн индекс 50 нэгжээс доош буюу тааруу байсаар байна. Хэдий тийм боловч Борлуулалтын менежерүүдийн индекс зургаан сарын уналтын дараа эргэн сэргэхэд Монгол Улсын эдийн засаг идэвхэжсэн нь голлон нөлөөлсөн гэж тайландаа тусгажээ. Гэхдээ бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь Борлуулалтын менежерүүдийн индексийг доош татаж байна. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 8.1 хувь, Улаанбаатар хотод 9.3 хувь хүрсэн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь Монголбанкны зорилтот найман хувийн түвшнийг давах хандлагатай байгаа юм. Хэдий тийм боловч 2019 оны эхний улиралд хатуу түлшний үнийн суурь нөлөөгөөр инфляцийн түвшин бага зэрэг буурах хүлээлттэй байна гэж Монголбанк мэдээллээ.

Шинэ мэдээ