Голомт банк Хятадын ICBC банктай гэрээ байгууллаа

2018 оны 10 сарын 25-ны өдөр Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд БНХАУ-н Худалдаа, Аж Үйлдвэрийн банкны (ICBC банк) удирдлагуудтай Бээжин хотод уулзалт хийж, “Нэг Бүс Нэг Зам Санаачилгын Хүрээнд Хамтран Ажиллах Механизмын Ерөнхий Гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Уулзалтад ICBC банкны Олон Улсын Банкны Газрын Дэд Захирал ноён Ван Күнь болон бусад холбогдох удирдлагууд оролцсон.  

Нэг бүс Нэг зам нь БНХАУ-н Төрийн тэргүүн Ши Жиньпиний санаачилсан Төв Ази болон Өмнөд Азийн нутаг дэвсгэрээр дамжин Евро бүсийг БНХАУ-тай холбох, зам дагуух улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аливаа нөөц баялгийг чөлөөтэй нэвтрүүлэх зорилготой хөгжлийн стратеги юм. ICBC банк нь уг санаачилгад хамрагдах улсуудын банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, хил дамнасан санхүүгийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор 2017 онд Нэг Бүс Нэг Зам Санаачилгын Хүрээнд Хамтран Ажиллах Механизмыг байгуулсан бөгөөд одоогоор 50 гаруй банк санхүүгийн байгууллагууд нэгдээд байна. 

Голомт банк уг механизмд нэгдэн ICBC банктай гэрээ байгуулснаар Нэг Бүс Нэг Зам санаачилгын хүрээнд Монгол-Хятад хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин, санхүүжилт, ханшийн эрсдэлээс хамгаалах бүтээгдэхүүн, төлбөр тооцоо зэрэг цогц санхүүгийн үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байна.   

Голомт банк