Монгол Улс 2018 оны эхний арван сард ОХУ-аас 1.4 орчим тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улс 2018 оны эхний арван сард ОХУ-аас 1.4 орчим тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон бол 69.6 сая ам.долларын экспорт хийсэн байна. Ялангуяа Эрхүү мужаас Монголд 31 сая ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлж, экспорт нь найман хувиар нэмэгдсэнийг тус мужийн Хөдөө аж ахуйн яамны дэд сайд В.Козин “Азийн хаалга-2018” үзэсгэлэн худалдааны үеэр мэдээллээ. 29 дэх жилдээ зохиогдож буй энэхүү үзэсгэлэн худалдаанд өнгөрсөн хугацаанд ОХУ-ын талаас 850 компани, аж ахуйн нэгж оролцож байснаас 20 гаруй хувь нь Монголд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Харин Монголын компаниуд хиам, бууз зэрэг хүнсний бүтээгдэхүүнээ Эрхүүд нийлүүлж эхэлснийг “Бизнес контакт” компанийн захирал А.Сидоров дурдсан юм. “Монголоос ОХУ-д экспорт хийхэд хил, гааль дээр импортын татвар өндөр байдаг нь манай үйлдвэрлэгч, бизнесийнхэнд учирдаг гол бэрхшээл” гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш онцоллоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав

Монгол Улс таван улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар зорьж байгаа бөгөөд ялангуяа ОХУ-тай энэ чиглэлд хамтрах нь олон талын ач холбогдолтой болохыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав тодотгосон юм.