Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсны дараа "Гэрэгэ" бондын ханш буурлаа

Арилжаа эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газрын бондуудын үнэ эргэн буурч тогтлоо. Тухайлбал, “Гэрэгэ” бондын үнэ хоёрдогч зах зээлд 0.12 хувиар буурсан байна. Засгийн газрын гишүүн огцрох өргөдлөө өгсөн, 2019 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан зэрэг үйл явдлууд өрнөсөн аравдугаар сараас хойш Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээл дэх бондын хувьд хөрөнгө оруулагчдын шаардах өгөөж өсөөд байна.

2023 онд төлөх “Гэрэгэ” бондын хөрөнгө оруулагчдын шаардах өгөөж 6.692 дээр хэлбэлзэж байна. Энэ нь өгөөжийн түвшин аравдугаар сараас хойш 7.16 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. 

Харин 2023 онд төлөх “Мазаалай” бондын хөрөнгө оруулагчдын шаардах өгөөж аравдугаар сараас хойш 12 орчим хувиар өсөж,5.724 хувь дээр хэлбэлзэж байна.

Төсвийн алдагдал өндөр, улс төрийн орчин тогтворгүй байх үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын агентлагууд бууруулж байсан юм. Тухайлбал, энэ сард “S&P” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” болгон дээшлүүлж, төлөвийг тогтвортой хэвээр хадгалаад байна. Хэдий тийм боловч эрсдэл талаас нь харвал Олон Улсын Валютын Сан тав дахь шатны үнэлгээ хийхдээ Монгол Улсын төсвийн зорилтууд давж биелсэн ч гадаад, дотоод “шок”-уудад мэдрэг хэвээр байгааг анхааруулж байсан юм.

Хамгийн сүүлд “Moody's” агентлаг хөгжиж буй орнуудын хувьд АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал зэргээс хамаарч зээлийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байна гэж анхааруулсан юм. Ялангуяа Монгол Улс болон Вьетнам, Индонез, Энэтхэг зэрэг улсад дефолт зарлах компаниудын тоо нэмэгдэх урьдчилсан тооцоог гаргаад байна.