24 байршлын 83.5 га газрыг дуудлагаар худалдана

Нийслэлийн газрын албанаас энэ баасан гарагт нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна. Газар эзэмших дуудлага худалдаанд нийт 24 байршилд орон сууц, үйлдвэрлэл, худалдаа эрхлэх зориулалт бүхий 83.5 га газрыг худалдана. Энэ удаад дуудах 24 талбайн доод үнэ нь хамгийн өндөр үнэлгээтэй байгаа газар нь “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын урд байрлах, үйлчилгээний зориулалт бүхий таван га газар байгаа юм. Дуудах доод үнэ 784.4 сая төгрөг. Энэ онд газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар таван дүүргийн 42 байршил батлагдаж, 13.7 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тусгасан талаар Нийслэлийн газрын албанаас мэдээллээ.

2018 оны эхний гурван улирлын байдлаар газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг гурван удаа зохион байгуулж, таван байршилд 5.47 га газрыг худалдан, 711.5 сая төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн байна.

Энэ оноос газрын дуудлага худалдааг шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу явуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл дуудлага худалдааны анхны үнийг бууруулж, зах зээлийн үнэлгээнд ойртуулсан үнээр худалдах боломж бүрдсэн гэж Нийслэлийн газрын алба мэдээллээ. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард худалдагдсан Хан-Уул дүүргийн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын баруун урд байрлах 1.14 га газрыг өмнө нь 764 сая төгрөгөөр дуудаж байсан бол шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалаар 137 саяас эхлэн дуудсан байна.