Монголбанк:Арилжааны банкуудад олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг буулгах боломжтой

“Улсын төсвөөс санхүүжих орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам”-ыг боловсруулж, Засгийн газарт өргөн барих гэж байна гэж Барилга, Хот байгуулалтын яам мэдээллээ. Журмаар ипотекийн зээлийг анх удаа авах гэж байгаа иргэд, гэр хорооллын өрхийг орон сууцжуулах, ашиглалтын хугацаа дууссан орон сууц, амины орон сууцаа инженерийн шугам сүлжээнд холбоход иргэдийг дэмжихээр тусгасан байна. Салбарын яамны судалгаагаар урьдчилгаа 30 хувиа төлөөд зээлд хамрагдах боломжтой 33 мянган иргэн нийслэлд, 14 мянган иргэн орон нутагт байгаа юм байна.

Барилга, Хот байгуулалтын сайд Х.Баделхан

Энэ оны эхний 10 сарын байдлаар ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтэд Монголбанк, Засгийн газар, арилжааны банкнууд нийт 448.4 тэрбум төгрөг гаргаж, 7300 иргэн орон сууцтай болгосон байна.

Олон Улсын Валютын Сангаас ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх шаардлага тавьсан ч эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэж Монголбанк үргэлжлүүлэхээр болоод байгаа гэж Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцоллоо. Мөн арилжааны банкнуудад олгодог Монголбанкны зээлийн эх үүсвэрийг бууруулж, нэг хувьд хүргэснээр ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн байна.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир