“Буянт-Ухаа-2” хорооллыг иргэдэд түрээслэх эсэхийг Засгийн газар шийднэ

“Буянт-Ухаа-2” хороололд баригдаж буй 972 айлын орон сууцны барилгын ажил дуусах шатандаа оржээ. ТОСК-ийн захиалгаар 2016 оноос барьж эхэлсэн энэ барилгуудын дулааныг арваннэгдүгээр сардаа багтаан авахад бэлэн болсон. Энэ ондоо багтаан Улсын комисст хүлээлгэн өгөх зорилготой ажиллаж буй юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд орон сууцыг түрээслүүлэх журмаар, худалдан борлуулах зорилтын хүрээнд энэхүү барилгуудыг барьсан.

Анх ТОСК-иас барихаар болсон ч санхүүжилтээс шалтгаалан Хөгжлийн банкинд шилжүүлжээ. Хөгжлийн банкнаас энэ орон сууцанд 33 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд санхүүжилтийг ЗГ-аас шийдэж өгвөл, түрээсийн орон сууцын хөтөлбөрийн дагуу иргэдэд ашиглуулах юм байна.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, “Буянт-Ухаа-2 хорооллын 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцаар ашиглуулах саналаа ЗГ-т тавина. Иргэдэд түрээслүүлэр замаар худалдан борлуулах болбол түрээсийн орон сууцны журамд өөрчлөлт оруулах шаардлагатай” гэв.